Сахарын цөлд сүүлийн хэдэн арван жил болж байгаагүй их бороо орж, үер буусан байна. Дэлхийн хамгийн хуурай, үржил шимгүй газар болох Сахарын цөлд анх удаа үер бууснаар элсэн манхнууд дунд томоохон хэмжээний нуурууд тогтжээ.
Сахарын цөлд бороо ордог ч зуны сүүл хэсгээр багахан ордог байв. Гэтэл өнгөрсөн 9-р сард Мароккогийн баруун өмнөд хэсгийн цөлд хоёр өдрийн турш ширүүн аадар бороо орсон байна.
НАСА-гийн тооцооллоор, тус хэсэгт бараг 8 инч(20.3 см) бороо орсон. Мароккогийн баруун өмнөд хэсгийн Эррахидиа хэмээх цөлийн хотод өнгөрсөн сард хоёр өдрийн дотор бараг 7.6 см бороо орсон аж. Энэ нь энгийн үеийнхээс дөрөв дахин их гэсэн үг юм.
“Сүүлийн 30-аас 50 жилийн хугацаанд бид ийм их хэмжээний бороо ийм богино хугацаанд орохыг үзэж байгаагүй” гэж Мароккогийн цаг уур судлаач хэлэв.
Бороо элсэн цөлийн дээгүүр урсаж далдуу мод, бутлаг ургамлын дунд шинэ, усархаг байгалийн төрхийг бий болгосон байна. Хамгийн гайхалтай зураглал нь Мерзуга хотод бий болсон, учир нь элсэн манхан дунд шинэ нуурууд бий болжээ.
Сүүлийн үеийн судалгаагаар, чулуужсан түлшнээс үүдсэн агаарын бохирдол манай гаригийн цаг уурыг дулааруулж, усны эргэлтийг тасалдуулж байгаа тул Сахарын цөлд цаашид илүү их хур тунадас орох төлөвтэй байна.
Эх сурвалж: CNN