НЗДТГ-аас нийслэл хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ой, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийг угтан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтан, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан “HR-2024” чуулганыг зохион байгууллаа. Гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй тус чуулган нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудал, хүний нөөцийн удирдлага, хүний нөөцийн хөгжлийн бодлогын орчин үеийн чиг хандлагын талаар мэдээлэл өгөх, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх арга замыг хэлэлцэх, харилцан суралцах зорилготой.
Чуулганд нийслэл, дүүргийн ИТХ, ЗДТГ, УБЗАА, хэрэгжүүлэгч агентлагууд зэрэг нийт 69 байгууллагын удирдах албан тушаалтнууд болон хүний нөөцийн асуудал хариуцсан 100 гаруй албан хаагч оролцлоо. Чуулганаар төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр, хүний нөөцтэй холбоотой шийдвэр гаргахад анхаарах асуудал, ажилтныг тогтвортой ажиллахад нөлөөлж буй хүчин зүйлүүд, хүний нөөцийн хомсдол, шийдвэрлэх арга зам, хүний нөөцийн хөгжлийн олон улсын туршлага зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэв.