НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Бүгд Найрамдах Филиппин Улсын Засгийн газартай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн сайд нарын бага хурал” салбар хуралдаануудаар гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ үеэр ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн “Бүс нутгийн эрт зарлан мэдээлэл: Эртнээс сэрэмжлүүлэх арга хэмжээний диалоги” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Энэхүү салбар хуралдаан нь гамшгийн эрсдэлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, системчилсэн, нийлмэл болон шаталсан эрсдэл, болзошгүй нөлөөллийн талаар хэлэлцэх, эрт сэрэмжлүүлэх, эрт авах арга хэмжээний өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх зорилготой юм.
Мөн “Гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэх: Уур амьсгалын өөрчлөлтийн энэ эрин үед шилжилт хөдөлгөөнийг зохицуулах арга хэрэгсэл” салбар хуралдаанд Шадар сайдын зөвлөх, Элчин сайд Г.Ганболд илтгэгчээр оролцож, гамшгийн эрсдэлийг бууруулах, хүн амын шилжилт хөдөлгөөн болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар өөрийн орны үндэсний болон олон нийтийн түвшний сайн туршлага, оролцоо, чухал санаачилгууд болон олж авсан сургамжуудыг хуваалцлаа.