Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Австрали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс нар 2024 оны аравдугаар сарын 16-ны өдөр Төрийн ордонд өргөтгөсөн уулзалт хийв. Тус айлчлал нь Австралийн Холбооны Улсын Сенатын Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог юм.
Монгол, Австрали улс нь ардчиллын үнэт зүйлсэд тулгуурлан хөгжиж буй улс орнууд учраас цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэх асуудлаар хоёр тал харилцан санал солилцжээ. Энэхүү айлчлал нь хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцолсон байна.
Хоёр улсын иргэд хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж ирсэн тул уг айлчлалын хүрээнд Нийгмийн хамгааллын болон Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулахаар болжээ.
Австрали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс, Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа нь хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, жендерийн эрх тэгш байдлыг эрхэмлэсэн ардчиллын үнэт зүйлсэд тулгуурлан хөгжиж, нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжин тэлж байгааг онцоллоо.
Тэрбээр боловсролын салбарт арвин туршлагатай учир хоёр улсын боловсролын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгаагаа илэрхийлжээ. Тиймээс цаашид Монгол Улсад хэрэгжүүлж буй мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх, жендер, иргэний нийгмийг чадавхжуулах Австралийн төслүүдийг үргэлжлүүлэн амжилттай хэрэгжүүлэхэд Австралийн Парламентын зүгээс бүхий л дэмжлэгийг үзүүлнэ гэв.