Цаг үеийн мэдээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын эмэгтэйчүүдийн сүлжээ (WIN DRR) нь Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд амжилт гаргасан ажилтанд олгодог шагналыг 2024 оны шагналын эцсийн шатны шалгаруулалтыг Ази, Номхон далайн бүс нутгаас дөрөв дэх жилдээ зохион байгууллаа.

Эцсийн шалгаруултанд Ч.Ариунаа /Монгол Улс/, Лорени Дела Круз /Филиппин улс/, Фатима Химая /Малдив улс/, Мариа Линиби /Папуа Шинэ Гвиней/, Чу Минг хуа /БНХАУ/, Мулиагателе Филомена Нелсон- Самао нарын зургаан эмэгтэй шалгаран үлдсэн юм. 

Эмэгтэй тариаланчдад дэмжлэг үзүүлж ган болон уур амьсгалын гаралтай гамшгийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Папуа шинэ гвиней улсын Мариа Линиби “Шилдэг манлайлагч эмэгтэй”-ээр, “Залуу манлайлагч эмэгтэй”-ээр Филиппин улсын Дела Круз шалгарч, тус бүр 10.000 ам.долларын эзэн боллоо.

​Гамшгийн эрсдэлийг бууруулах манлайлагчдын шагнал нь Ази, Номхон далайн бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд гаргасан эмэгтэйчүүдийн амжилтыг үнэлдэг. Энэхүү шагналууд нь Австралийн Засгийн газрын дэмжлэгтэй Гамшгийн эрсдэлийг бууруулах эмэгтэйчүүдийн олон улсын сүлжээ (WIN DRR) болох UNDRR-ийн тэргүүлэх эмэгтэйчүүдийн манлайллын санаачилгын нэг хэсэг юм. 

Тус шагнал “Шилдэг манлайлагч эмэгтэй”, “Залуу манлайлагч эмэгтэй” гэсэн хоёр төрөлтэй бөгөөд 10.000 ам.долларыг олгодог юм. 

Эдгээр эмэгтэйчүүд нь гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр салбартаа манлайлан, дэлхий дахинд өсөн нэмэгдэж байгаа гамшгийн эрсдэлийг ойлгох, урьдчилан сэргийлэх, бууруулах арга хэмжээний зохистой шийдлийг олохын тулд шаардлагатай мэдлэг, туршлагыг хуримтлуулсан хүмүүсийн төлөөлөл юм.

Монгол Улсаас нэр дэвшсэн хурандаа Ч.Ариунаа нь Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-т 23 жил ажилласан бөгөөд ОБЕГ-ын Гадаад харилцааны хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан, Онцгой байдлын байгууллагын цөөн эмэгтэй хурандаа нарын нэг юм.

Тэрээр олон улсын хамтын ажиллагаа, түншлэлийг бий болгох замаар Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах, удирдах чадавхыг мэдэгдэхүйц нэмэгдүүлж, өөрийн туршлагаа бүс нутгийн орнуудтай хуваалцсан туршлагатай.

Ажиллах хугацаандаа Ази, Номхон далай болон Европын 30 гаруй орон, 50 олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг өрнүүлж, мэдлэг солилцох, сайн туршлагыг нутагшуулахад манлайлан ажилласан. Одоо тэрээр НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын даргаар ажиллаж байна.

Түүнчлэн 2015-2030 он хүртэл Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэхэд хяналт тавих, дүгнэх, хамтын ажиллагааг сайжруулах бүс нутгийн платформ болох Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 2018 онд Монгол Улсад амжилттай зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн.

Мөн хил дамнасан хамтын ажиллагааг тууштай дэмжиж БНХАУ зэрэг хөрш орнуудтай ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нягт хамтран ажиллаж Зүүн хойд Азийн бүс нутгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах платформыг байгуулахыг дэмждэг.

Хурандаа Ч.Ариунаа нь Монгол Улсын Онцгой байдлын байгууллагыг иргэний хамгаалалтаас Гамшгийн эрсдэлийг бууруулах цогц арга барилд шилжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж түүний санаачлаг бодлогын хөгжлийн явцад тусгагдсан байдаг.

Тэрээр Гамшгаас хамгаалах үндэсний төлөвлөгөөг боловсруулах, Гамшгийн эрсдэлийг бууруулах тухай Монгол Улсын хуулийг шинэчлэн батлах, Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотойгоор бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулахад гол үүрэг гүйцэтгэсэн. Эдгээр тогтолцоо нь үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийн удирдлагын бат бөх суурийг бүрдүүлж өгсөн.

Гамшгийн эрсдэлийг бууруулахад ахиц дэвшил гаргахын тулд олон нийтийн түвшинд, ялангуяа эрсдэл өндөртэй хүмүүсийг татан оролцуулж даван туулах чадавхыг бий болгоно хэмээн хурандаа Ч.Ариунаа боддог. Тиймдээ ч 21 хот болон нийслэл Улаанбаатар хотыг “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот-2030” санаачилгад нэгдэн оруулахад нягт хамтран ажилласан байдаг.

Хурандаа Ч.Ариунаа практик туршлагаа эрдэм шинжилгээний салбар дахь ололт амжилттайгаа хослуулж чадсан нэгэн билээ. Япон Улсын Нагояагийн их сургуульд “Зудын эрсдэлийн удирдлага, эрт хариу арга хэмжээ” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Энэхүү судалгаанд тулгуурлан 2023, 2024 оны зудын үед эрсдэлийн удирдлагын иж бүрэн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлсэн нь Монгол даяар гамшгийн нөлөөллийг бууруулахад нөлөөлсөн юм.

Таны сурталчилгаа