Нийслэлийн онцгой байдлын газраас цаг үеийн нөхцөл байдал, галлагаа зэрэг асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат: Мал амьтны гаралтай өвчин бүрэн арилаагүй тодорхойгүй хэмжээнд байна. 2024 он гарсаар улсын хэмжээнд 106 удаагийн малын гаралтай халдварт өвчин бүртгэгдсэн. Хонины цэцэг өвчин 91, бог малын мялзан өвчин 10, гахайн мялзан өвчин 54 бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар Өвөрхангай аймгийн Богд, Баянгол сумдад хоёр голомтод хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Хоёр хоногийн өмнө Дорноговь аймгийн Хатанбулаг суманд ямааны годрон өвчний сэжиг илэрсэн. Шинжилгээний хариу хараахан гараагүй заалтын дэглэмтэй ажиллаж байна. Иргэдэд анхааруулахад тарвага болон хориотой ан агнууртай холбоотой, мөн мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор товчоодод ариутгал, халдваргүйтгэлийн цэг ажиллаж байна. ЦЕГ-аас чиглэл ирсэн. Сайжруулсан шахмал түлшийг хөдөө орон нутагт тээвэрлэх явдал их байна. Үүнийг таслан зогсоох ажлыг эрчимжүүл гэдэг чиглэл өгсөн. Энэ чиглэлийн дагуу болон мал амьтны халдварт өвчнөөс сэргийлэх чиглэлээр Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн мал эмнэлгийн газартай хамтран товчоодод 24 цагийн хяналт шалгалт хийж байгаа.
Сайжруулсан түлшний хяналтын хэлтсийн дарга, Ч.Буянжаргал: Өнөөдрийн байдлаар 190 мянга гаруй айл сайжруулсан шахмал түлш хэрэглэж байна. Үүнээс 82 мянга гаруй айлын хэрэглэж байгаа зуух MNS: 5216 өрхийн зуухын стандартыг хангахгүй байгаа. Стандарт хангаагүй зууханд галлагаа хийснээс хэд хэдэн эрсдэлд иргэд өртөж байна. Угаарын хийн хордлого, галын эрсдэл, агаар орчны бохирдлын хэмжээ ч өсөх хандлагатай байна. Есдүгээр сарын 15-ны өдрөөс буюу галлагаа ихэссэн үеэс хойш өнөөдрийг хүртэл нийт 56 удаагийн угаарын хийд хордсон дуудлага, мэдээлэл ирсэн. Битүүмж алдагдсан зуухнаас болж энэхүү дуудлага мэдээлэл их ирж байна. Жилдээ 400-500 хүн угаартсан дуудлага мэдээлэл ирдэг.
Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар: Нийслэлийн хэмжээнд 2024 оны аравдугаар сарын 16-ны өдрийн байдлаар объектын гал түймэр нийт 1444 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдээд байна. Эдгээр гал түймэрт 35 иргэн амь насаа алдаж, аж ахуй нэгж байгууллагад нийт 9.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид аж ахуйн нэгж байгууллагын 295 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан мэдээлэл байна. Эдгээр дуудлага, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал гал түймрийн дуудлага 1264 буюу 12.6 хувиар, галд өртөн нас барсан хүний тоо 21 буюу 60 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гал түймэр гарч буй шалтгаа нөхцөл нь зонхилох шалтгаан байдаг. Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас ил гал алддаг. Энэ нь яндангийн ноцолтоос, пийшин зуухын аюулгүй байдлыг хангаагүй, мөн цахилгааны хэрэгслийн нормыг хэтрүүлж зөрчсөнөөс гал түймэр гарч байна. Нийслэлийн хэмжээнд гарсан галын дуудлагын 583 буюу 40.3 хувийг гэр хороололд галын аюулгүй байдал хангаагүйгээс болсон дуудлага мэдээлэл эзэлж байна. Хүйтний улирал ирж, галлагааны үе эхэлж байгаатай холбогдуулан НОБГ-аас гэр хорооллын айл өрхийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх үүднээс “Галлахдаа анхааръя” аяныг өнөөдрөөс эхлүүлж байна. Энэхүү аян нэг сарын хугацаанд хэрэгжинэ.