Тус сургалтыг НҮБ-ын ХХААБ-ын “Бичил биетний тэсвэржилттэй холбоотой Кодексын стандартын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга хэмжээ” (ACT) төсөл Монголын Хүнсчдийн Нэгдсэн Холбоотой хамтран 2024 оны аравдугаар сарын 4-ны өдөр “Сүү” хувьцаат компанийн байранд зохион байгуулж нийт 23 аж ахуй нэгжийн төлөөлөл 50 гаруй ажилтан оролцов.
Тус сургалтын зорилго нь хүнс үйлдвэрлэгчид болон импортлогчдод хүнсээр дамждаг бичил биетний тэсвэржилт (ББТ)-ийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж хүнсний аюулгүй байдлыг ханган нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны шударга байдлыг дэмжих зорилгоор Кодексын стандартыг хэрэглээ болгон нэвтрүүлэхийн ач холбогдлыг тайлбарлан хүргэхэд оршиж байв.
Сургалтад оролцогчдод дараах чиглэлээр илтгэл мэдээлэл тавигдаж мэдлэг ойлголтыг нэмэгдүүллээ.
Үүнд:
• Олон улсын хүнсний хууль эрх зүйн хороо (Кодекс)-ны стандарт, удирдамж, дадлын дүрмийн хэрэглээг нэмэгдүүлэх үндэслэл, шаардлага, Кодексын стандартыг хэрэглээ болгоход хүнс үйлдвэрлэгчдийн үүрэг, хариуцлагын тухай
• ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын харьяанд байгуулагдсан “Кодексын үндэсний зөвлөл”-ийн зорилго, үйл ажиллагаа, цаашдын зорилтын тухай
• Хүнсний салбарт олон улсын Кодексын стандартыг хэрэглээ болгох замаар бичил биетний тсвэржилтээс сэргийлж нийтийн эрүүл мэндийг хамгаалах тухай
• НҮБ-ын ХХААБ-ын ACT төслийн зорилго, хэрэгжүүлж үйл ажиллагаа, үр дүнгийн тухай
Тус сургалтаар оролцогчдод Кодексын талаар дэлгэрэнгүй мэдээлэл олгож, Кодексын “Хүнсээр дамждаг бичил биетний тэсвэржилттэй холбоотой Кодексын стандартын эмхэтгэл” ном, ББТ-тээс сэргийлэх постер, “Аюулгүй хүнсний таван түлхүүр” зэрэг гарын авлага материалаар хангасан нь ач холбогдолтой байлаа.
Энэхүү сургалт нь “Дэлхийн хүнсний өдөр”-ийн хүрээнд Монгол улс дахь НҮБ-ХХААБ-аас хэрэгжүүлж буй нэг арга хэмжээ юм.