Таксинд дураараа явбал 5 саяар торгох хууль өчигдөр буюу 10-р сарын 15-наас үйлчилж эхэлсэн ч шийтгүүлсэн тохиолдол одоогоор гараагүй байна.
Анхдагчдын өлгий Булганы хүн эхний торгуулагч болж, Булганы уугуул цагдаа торголоо гэж бодъё.
1.Таван цаасны төлөө халтууранд явдаг хувийн таксичид зарим нь машинаасаа үнэтэй торгууль төлж чадах уу?
2.Төлж чадахгүй бол чихийг нь огтлох юм уу, машиныг нь ачих уу?
3.Үнэ хөлсөөр суусан зорчигч уу, өрх бүл, үр хүүхэд, таньдаг хүн, найз нөхөдтэйгээ явж байгаа эсэхийг нь замын цагдаа нар яг яаж ялгах вэ?
4.Хотын даргын уриалаад байгаагаар нэг зүг, нэг байрныхан машинаа дундаа хэрэглээд хамтдаа газар дөхөж байвал халтуур гэж үзэх үү
5.Бүртгэлд ороогүй нь аргалаад байвал, 3 саяын зөвшөөрөл нь хайран мөнгө, яйран гарз болох уу?
Замын хөдөлгөөн нь яст мэлхий шиг удаан, дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотын иргэн автобус хүлээж бээрэхгүйн тулд арга буюу гараа өргөдөг. Нийтийн тээвэр нь хөгжөөгүй хотод зөвшөөрөл нэртэй хориглолт түгжрэлд нэмэртэй байж чадах уу? Зөрчлийн хуулийн заалт амьдрал дээр зөрчил дагуулж, олон мянган өрх мянган хүн хоногийн хоолгүй болох эрсдэл үүсэж байна.
Нөгөө талаас хөл дүүжлэх унаанд гар өргөсөн биш хүчиндүүлдэг, дээрэмдүүлдэг, алуулдаг тохиолдол хэдэн зуугаар биш хэдэн мянгаараа гардаг. 2 сая хүнтэй хотод зөвшөөрөлтэй такси ердөө 251 ширхэг байна. Авснаас нь хойш угааж үзээгүй, тоормосгүй, накладгүй, гэрэлгүй, өвлийн дугуйгүй, автобусны буудал бөглөдөг, улс төр ярьж хараасан урд хойдгүй чигнаалддаг, замын хөдөлгөөний заалт журмыг нулимдаг, татвар төлдөггүй, тагларал түгжрэл үүсгэдэг бүхэл бүтэн арми байна. UB cab-д бүртгэлтэй унаа буух эзэн, буцах мөртэй ч ирж авах нь хүртэл тоолууртай, илүү үнэтэй, хэрэгтэй үед ойр хавиас олддоггүй. Таван саяын торгуулийн цаана “Таванбогд” мэтийн машин борлуулахдаа 150 хувийн төлбөр түрүүлж авдаг, Тоёота машинаас Тоёо жорлон, халуун тогооноос хонины ууц, үхрийн өвчүү хүртэл чанадаг үндэсний өлөн компаниуд нуугдаж байна уу?
Гэрээ барьж байхдаа л дараа нь хаашаа нүүхээ бодож байдаг, асуудлаас зайлан зугтах уламжлалтай нүүдэлчдийн үр сад бултах газар үгүй хот шиг хотод амьдарч сурах хол байна
2024-10-18
Хогиын шулаачид өөр ажил хийж дээ.