Арван цагаан буяны мөрөө огоорч, арван хар нүглийн замдаа орсон ламын дүртэй ландрам, хувраг төрхтэй худалчууд, эцэс сүүлдээ эх орноосоо урвагчид цөвүүн цаг дор цөөн бусаар тодорсоор байна. “Монголын бурхан шашинтны шинэ төв” хэмээх хувьдаа хийдтэй, хувь биеэ түүнийхээ хамба гэж өргөмжилсөн З.Санждорж гэгчид ад зэтгэрийн арван хар шинж бүрэлджээ. Хувь төөргөө үзүүлэх гэж очсон сүсэгтэн бүсгүйн гарыг нь бариад бугуйг нь атгаж, өвөр түрийдээ хүчлэн оруулж, мунаг тачаалаа хангасан. Зодоон нүдээн, хутга шөвөг, хулгай худал, хуял тачаал, адаг сүүлд нь шашин соёл, эх орноосоо урвасан гэх мэт эрдмийн мөр хөөсөн хувраг бүү хэл эгэл хар хүний зүүдэнд ч оромгүй адал балмад явдлын эзэн бие энэ дүрээрээ мөн. Гэмт хэргийн цуврал баримт кино тэр чигээрээ мөн.
Харийн бодлого санаа, бохир хөлс мөнгөөр тусгаар Монгол улс тунамал дүртэй Богдыгоо туулай жилдээ залахыг саатуулсан. Хөдөөгийн хийдүүдээр харийн мөнгийг тарааж, суртал ухуулга явуулсан.
Хувьсгалын санаа зорилго яривч ард нь хувийн шунал нь нуугдаж байдаг ёсоор Х Богдын өндөр сэнтийд өөрийн нууц хүүг өргөмжлөн суулгах давхар ов мэх агуулсан. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бүү хэл Сэлэнгийн нэгэн бүсгүйг албан бус эхнэр болгон аваад, төрсөн нуудгай хүүдээ хутагтын өмсөж нөмрөх хувцас, дээр нь суух олбог сэнтий хүртэл бэлтгэж базаасан байсан нь илэрч хураагдсан. Туслах Д.Бямбажавтаа хуурмагаар нөмрөх хувцас, хутагтийн алтан сэнтийг хурдан үтэр үгүй хийхийг тушаасан ч ухаангүй ноёнд урагшгүй албат болж, эд мөрийн баримт нь хууль хяналтынхны гарт орсон байна.
Бурханы шашны гурван их оройн нэг Х Богдыг монголчууд өөрсдөө тодруулан өргөмжлөх нь сүсэг бишрэл төдий бус үндэсний аюулгүй байдлын илүү өргөн цар хүрээтэй, оюун санааны тусгаар тогтнолын үнэ цэнтэй, дэлхийн геополитикийн орон зай дахь Монгол Улсын эзлэх байр суурийн ашиг тустай цараатай үйл явдал юм.
Улсын прокурор З.Санддоржийг яллах дүгнэлтээ гаргаж, гэгээн буятны дүртний гэм зэмийг дэнслэх, гэсгээл шийтгэлийг хэлэлцэх шүүх хурал болох гэж байна. Эрүүгийн хуулийн 19.4.1-д гадаадын тагнуулын байгууллагатай хамтарсан, тохирсон, төрийн нууцыг цуглуулсан, хадгалсан, худалдсан, дамжуулсан ол 8-15 жилээр хорих ял оноохоор заасан. Энэ бүхэн тэгээд ариун явдал юм уу?