Монголын анхны төрт улс болох Хүннү гүрний түүхтэй холбоотой археологийн судалгааг Монголд Ноён уулын дурсгалыг судалснаар эхэлсэн гэж үзэхэд 100 жилийг үдсэн аж. Судалгаа шинжилгээний ажлыг монголын археологичид дангаар хийгээгүй олон улсын мэргэжил нэгт судлаачдын хамтаар гүйцэтгэсээр ирсэн нь Хүннүгийн археологийг илүү өндөр түвшинд таниулах, судалгааг гүнзгий олон талтай болгоход түлхэц болсоор ирсэн.
Хүннүгийн археологийн судалгаа нь ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судалгааны тэргүүлэх чиглэл бөгөөд “Хүннүгийн археологи: Дурсгалын он цагийн асуудал” ОУ-ын эрдэм шинжилгээний хурлыг (2024.10.18.19) Чингис хаан Үндэсний музейн хурлын танхимд зохион байгуулж, гадаад дотоодын Хүннү судлалын тэргүүлэх 40 гаруй эрдэмтэд оролцож, илтгэлээ хэлэлцүүлэн Хүннү гүрний үед холбогдох археологийн дурсгалын холбогдох он цагийн асуудлыг хөндөн авч хэлэлцэж буй юм.
Хүннүгийн он цагийн судалгааны сэдвээр өмнө нь олон улсын хурлыг зохион байгуулж байгаагүй бөгөөд, Монголын Хүннүгийн археологийн судалгааны шинэ үр дүн, ололт дэлхийн эрдэмтдэд сурталчлан танилцуулахын зэрэгцээ цаашдаа олон улсын хамтарсан судалгааг өргөжүүлэх зорилго агуулсан нь хурлын шинжлэх ухааны ач холбогдол оршино.
Энэхүү олон улсын хурлыг ШУА-ийн Археологийн хүрээлэн, ЭЗХЯ, ШУА, Чингис хаан Үндэсний музей, МУИС-ийн Нүүдэлчдийн Археологийн хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа бөгөөд, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн, ЭЗХЯ-ны ШУТХБГ-ын дарга Д.Баттогтох, ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын дарга А.Баярбаатар, Чингис хаан Үндэсний музейн захирал академич С.Чулуун нар нээж мэндчилгээ дэвшүүлснээр эхэллээ.
Сүүлийн жилүүдэд Хүннүгийн археологийн судалгаа нь хүрээгээ тэлж зөвхөн булш оршуулга язгууртны орд өргөө зэргийг малтан судлахаас гадна тэдний үйлдвэрлэл, аж ахуйн суурин дурсгалуудыг илрүүлэн малтан судлах ажил эрчимтэй явагдаж буй гэдгийг хурлын үеэр илтгэгчид онцолж байлаа.
Ташрамд мэдээлэхэд, хурал зохион байгуулагдахаас сар гаруй өмнө Хүннүгийн язгууртны булш, оршуулгын цогцолбор дурсгалуудыг ЮНЕСКО-ийн “Дэлхийн өв”-д бүртгүүлэх номинацийг илгээгээд байна.