Монгол Улс атар газар эзэмшсэний 65 жилийн ой, “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж буй “Алтан намар-2024” ургацын баяр Дархан-Уул аймгийн Дархан хотод болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх атар газар эзэмшсэний 65 жилийн ойн баярын хуралд оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд Монгол Улс атар газар эзэмшсэний 65 жил, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэндийг салбарын үе үеийн ажилтан, албан хаагч, малчин, тариаланч, үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд хүргэж, талархал илэрхийлэв.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улс ард иргэдийнхээ хүнсний хэрэгцээг хангах, экспортлох зорилгоор Атрын гурван удаагийн аяныг үндэсний хэмжээнд өрнүүлж байсан түүх, ололт амжилтыг дурдлаа.
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нэг чухал асуудал нь хүн амаа эрүүл, аюулгүй орчин, найдвартай, эрүүл хүнсээр хангах явдал бөгөөд байгаль орчин, хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгой анхаарах ёстойг онцоллоо.
Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” болон “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг улс орон даяар санаачлан хэрэгжүүлж байгааг тэмдэглэв. Тухайлбал, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд төр, захиргааны 35 байгууллага хамтран ажиллаж, хууль дүрэм, төсөв санхүү, хөнгөлөлттэй зээл, гааль татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөс эхлүүлээд 114 төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.
Үндэсний хөдөлгөөн хэрэгжсэн сүүлийн хоёр жилийн хугацаанд арилжааны банкаар дамжуулан 5-6 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай, нийт 1.3 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 3,100 орчим хүнс үйлдвэрлэгч, баялаг бүтээгч иргэн, аж ахуйн нэгжид олгоод байна.
Үүний үр дүнд хүнсний салбарт нийт 24 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 2023 оны байдлаар хүнсний ногооны хэрэгцээний 85 хувийг дотоодоосоо хангаж чадсаныг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ тэмдэглэв.
Үндэсний хөдөлгөөнүүдийг амжилттай хэрэгжүүлснээр байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжилд шинэ боломж нээгдэж, хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжил хангагдах, худалдаа, экспорт, хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдэх, ядуурал буурах зэрэг олон эерэг үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Монгол Улс “Эрүүл хүнс үйлдвэрлэгч, хүнс экспортлогч орон” болох зорилтын хүрээнд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгууд буюу төвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс” болгон хөгжүүлэхээр зорьж байна.
Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймагт шилжүүлэн байршуулахаар Улсын Их Хурал, Засгийн газраас шийдвэр гарсан юм.
Цаашид байгаль орчинд ээлтэй, бүсчилсэн хөгжил болон тогтвортой хөгжлийг дэмжсэн газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд тодорхой ахиц дэвшил, үр дүн гарах учиртайг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.