Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч хатагтай С.Лаянсын албан ёсны айлчлал өндөрлөлөө.Айлчлалын хүрээнд тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь Монгол-Австралийн парламентын бүлгийн гишүүдтэй хоёр талын уулзалт хийв. Мөн Монгол Улсын ХЭҮК-ын гишүүд, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ болон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцсоноос гадна Австралийн Засгийн газрын санхүүжилтээр Монголд хэрэгжүүлж буй зарим төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцав. Тухайлбал, “Эмэгтэйчүүдийн Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг бэхжүүлэх” хөтөлбөрт хамрагдаж буй айл өрхөөр зочилж, Үндэсний номын сангийн үйл ажиллагаатай танилцав.
Сенатын Ерөнхийлөгч С.Лаянсын энэхүү айлчлал Монгол, Австралийн харилцааг бэхжүүлж, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг нэмж, иж бүрэн түншлэлийн түвшинд ахиулах хоёр талын зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо. Сенатын Ерөнхийлөгч С.Лаянсыг “Чингис хаан” ОУНБ-д УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Австралийн парламентын бүлгийн дарга М.Энхцэцэг, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Австралийн парламентын бүлгийн дэд дарга О.Батнайрамдал, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Смит болон албаны бусад хүн үдсэнийг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.