Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, өнөөдөр Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Дорнодын нутаг, Өвөрхангай, Төв аймгийн хойд хэсгээр их хэмжээний нойтон цас, цас орно.
Өнөөдөр ихэнх нутгаар, маргааш төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд мөстөлт, халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг малчид, иргэд, тээвэрчдэд онцгойлон анхаарууллаа.
2024 оны 10 дугаар сарын 21-25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.
Энэ сарын 21-нд төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. 22-нд Монгол-Алтайн, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 23-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи 21-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө -19-24 градус, өдөртөө -4-9 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр -10-15 градус хүйтэн, өдөртөө -1+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1+4 градус, өдөртөө +7+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4-9 градус хүйтэн, өдөртөө +3+8 градус дулаан байна.
харин маргааш нутгийн баруун хэсгээр, 22-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.