Цаг үеийн мэдээ

Манаачийг хэн манах вэ? Хяналтын сайдыг хэрхэн хянах вэ? Дотоод хяналтын сайдын дотоод баримтууд дотогшоо, гадагшаа гарлаа. АН дахь МАН-ын БЭТ бил үү, МАН дахь АН-ын БУТ бил үү Э.Одбаяр Вьетнамын амралт цэнгээний арал Фукуокод 15 хүнээс бүрдсэн, үүн дотроо лавтай 8 бүсгүй орсон, 15 хүнтэй багийг ажлын арвин туршлага судлуулахаар аялуулсан байна. Зөвхөн онгоцны тийзэнд нь татвар төлөгч та бид  55 сая төгрөг төлж, аялал жуулчлал, амралт цэнгээний арлаас арвин их туршлага, алт шиг үнэтэй мэдлэгийг савныхаа хэмжээгээр сайтар юүлэн аваад ирээрэй гэж үдэж мордуулсан юм байна. Дэн буудал, дэр хөнжил, галуу шувуу, гахайн тагалцгийнх нь үнэ өртгийг тооцвол үүнээс ч их дүн гарна.

“Айрлинк” компанийн тамгатай тэмдэгтэй мөнгөний баримтад үндэслэн, аяллын зам, хуваарийг нь үзвэл Солонгост хоёр хоноод, Вьетнамын амралтын биш ажлын Ханой хотод хэдхэн цаг болоод, наргиан цэнгээн, наргил модны Фукуок аралд 6 шөнийг өнгөрүүлээд буцаж ирсэн байна. Зунаараа л байж байдаг зугаа цэнгэлийн арлаас төрийн хяналт шалгалтыг төгөлдөршүүлэх ямар их туршлага хуримтлуулж ирснийг Э.Одбаяраас тайлангаа тавихыг татвар төлөгчид нэхэж чайна. Фукуок аралд 15-аар нь явуулснаа хүлээсэн ч найр наадмын газарт төрийн дотоод хяналтын ямар туршлага яаж судалсан нь дотоод нууц хэвээрээ байна. Монголчууд бид Фукуокод олноороо амардаг ч, бүр зарим нь хурим найраа хийдэг ч арлын захиргаа аялал жуулчлал, зугаа цэнгээнийг нүдэнд өртөхгүйгээр нууцхан сэмхнээр төрийн хяналт, шалгалт эрхлэн явуулдгийг мэдэхгүй ч байж болно. Аялал жуулчлалын арал ч гэлээ төрийн байгууллагыг нь яаж ийгээд олоод танилцаад, ямар нэг супер туршлага олж авсан ч юм бил үү? Хээрийн галуу нисэн үл хүрэх Фукуокоос хүний хүүхэн, хүдэр эрчүүд туршлага өвөртлөөд, мэдлэгтэй наалдаад ирсэн ч байж болно. 

Төрийн хяналтыг төгөлдөр сайн явуулахад эн тэргүүнд хэрэгтэй багаж зэмсэг нь тухтай сандал, том хөргөгч, зөөлөн буйдан, зузаан хивс, шинэ старлинк, өрөө конторын тохьтой засвар, аятай тохижилт юм байна. Хорь шахам саяар хивс, 3,6 саяар буйдан, 1,4 саяар том сандал, 800 мянгаар хөргөгч гэх мэтээр 6,9 саяыг төлж байж л хяналтаа сайн тавина.

Старлинк нэг биш 3-тай, 19 сая 500 мянгаар авч тавьсан байхад төрийн хяналтын нүд хурц, чих сонор, нуруу нь амар, хонго нь зөөлөн, хөл нь хөсөр болно.

 

Таны сурталчилгаа