Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн Ч.Саранчулуун хөдөөний шинэ оюутнууд хотын жорлон дээрээ гишгэдэг, бохир заваан хэрэглэдэг гэж хэлсэн үгээ яаж батлах вэ? “Хөдөөгийн оюутнуудын хүнд, хөнгөнөөр бие засах зуршлын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” гэсэн иж бүрэн судалгаа байна уу? Эсвэл өөрөө их, дээд сургуулийн ариун цэврийн өрөөг  газар дээр нь шалгаж, хөдөөгийн оюутнуудыг хүнд, хөнгөн үйлдэл дээр нь илрүүлэв үү? Паалантай жорлон дээрх палигар гутлын мөр хөдөөнөөс ирсэн 1-р курсын оюутнуудынх мөн болохыг антрополог, криминалистик, археологийн ухаанаар хөдөлшгүй тогтоов уу?  

Ч.Саранчулуун эмзэг хүлээж авсан оюутнуудаас хүлцэл өчингөө хөдөөгийн сургуулиудын ариун цэврийн өрөөний талаар хөндсөн гэж хэллээ. Миний буруу гээд ч байгаа юм шиг, зөв ч гээд байгаа юм шиг,  уг нь би ийм асуудал хөндсөн гэдэг нь жинхэнэ монгол маягийн уучлал юм. УИХ-ын гишүүн Ч.Саранчулуун хөдөөгийн оюутнууд  бохир заваан бие засдагийг маш сайн мэддэг атлаа ЕБС-иудын жорлонд хэн саван тавих, хаанаас мөнгө нь гардгийг бол мэддэггүй юм байна.  

Тэрбээр ЕБС-иудын жорлон, түүний савангийн асуудлаар төрөөс ямар бодлого баримтлах, гар ариутгах бодисын төсөв санхүүжилт, т боломж нөхцөл, чанар, хүртээмжийг нь үндэсний хэмжээнд хангах томоохон асуудлыг хөндсөн юм. Гар угаах нь нийгмийн эрүүл мэндэд онц чухал боловч УИХ-ын индрээс танин мэдэхүйн асуулт тавьснаар шийдэгдэхгүй юм.  Багш Ч.Саранчулуун танд хэлэхэд хариулт маш энгийн. Боловсролын тухай ерөнхий хуулиар сургуулиуд аж ахуйн зардлаа  өөрсдөө шийддэг болсон. Эцэг эхчүүд, сурагчид сургуулиудад шаардлагаа ч тавьдаг байх ёстой юм байна. Хөдөөгийн оюутнууд жорлон дээр гишгэдэг, усаа татдаггүйг ухаж шинжилсэн шигээ сургуулийн саван дээр судалгаа тооцоотой, хууль журмаа уншиж мэдэх хэрэгтэй байна.

 

Таны сурталчилгаа