Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн М.Нарантуяагаас тодрууллаа.
-ИЗНН-ын удирдах зөвлөлийн хурал болж, таныг намын дэд даргаас огцруулсан гэх мэдээлэл байна.
-Намаа УИХ-д дөрвөн суудалтай болгохын төлөө маш их хичээж, чармайж өөрт байгаа бүх боломжоо дайчилж, 470 мянган хүнтэй сувгаараа өдөр бүхэн “Нарантуяа Нара гэдэг нэр байхгүй ээ, Иргэний зориг ногоон нам гэдэг нэртэй болсон” хэмээн гуйж, өчнөөн амлалт өгч, мундаг сөрөг хүчин байж хяналтыг нь тавьж, иргэд олон нийтээ төлөөлж ажиллахаа амлаж байж гарч ирсэн. Надад ийм боломж байна гээд зүгээр суугаагүй, хөрөнгө санхүүгээ шавхсаны минь төлөө намайг дэд даргаас минь буулгалаа. Нийтдээ есөн дэд дарга байсан. Тэр дундаас ганцхан намайг буулгах эвгүй учраас зүүн бүсэд дэвшиж чадахаараа ажиллаж байсан Малчдын холбооны тэргүүн эмэгтэйг бас хассан. Би намд үнэхээр цоо шинэхэн байгаа шүү дээ. Намд ч тэр, улс төрд ч тэр би үнэхээр цагаан цаас байгаа. Гэхдээ ийм явуургүй, ах дүү, төрөл төрөгсдийнхөө хүрээнд ийм муухай юм хийдгийг нүдээрээ үзлээ.
Өөрөөр хэлбэл, өчигдрийн Үндэсний хорооны хурал ирцдээ хүрээгүй. Түүнчлэн ирцдээ хүрээгүй тэр цөөнх бүрэлдэхүүний 60 хувь нь урьд өмнө намд харж байгаагүй хүмүүс байсан. Тиймээс би хурган санаа гаргаж, бүх шинэ хүмүүстэй очиж мэндэлсэн.
Тэгэхэд Хөвсгөлөөс ирсэн гээд 3-4 хүн байж байгаа мөртлөө, яг Хөвсгөлөөс өчигдөрхөн давхиад ирсэн Хөвсгөлийн бодит төлөөллөө танихгүй, Хөвсгөлийнх нь бодит төлөөллүүд ч тэр хүмүүсээ танихгүй байх жишээний.
Дарханаас ирсэн хүмүүс нь гэхэд намайг мэдэхгүй, хэн дэвшсэн яасан, ийсэн гэдгээ ч мэдэхгүй. Энэ мэтчилэн юугаа ч мэдэхгүй хүмүүс маш их ороод ирсэн байсан.
Бас нэг зүйлийг онцлоход саналын эрхтэй намын Үндэсний хороонд намын даргын төрсөн ах дүү гурав дээрээс нь намын дарга өөрөө гээд дөрвөн хүн байж байгаа нь эрүүл үзэгдэл үү. Шударга явдал мөн үү гэж хурал дээр цохон тэмдэглэсэн.
-Та намаа цэвэрлэх тал дээр ажиллах уу. Аль эсвэл бууж өгөх үү?
-Дөнгөж ийм юм болдог юм байна гэдгийг нь мэдээд “Ийм л байдаг юм байлгүй” гэж бодож байна. Мэдээж миний эгдүү хүрч байгаа. Угтаа бол ард түмний итгэл найдварыг авсан энэ нам цэвэрлэгдэх учиртай.
Эрүүл, зөв сэтгэлгээтэй ийм залуус үнэхээр энэ намд байхгүй бол ИЗНН-ын мөрийн хөтөлбөрт байгаа улс төрийн намуудыг татан буулгах өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэн хийх ёстой.
-Чуулганы хуралдаан дээр намын даргаа шүүмжилсэн гэж дэд даргаас огцорсон гэж үзэж байна уу? Аль эсвэл өөр шалтгаан байна уу?
-Одоо мэдэхгүй. Би зөвхөн намын даргаа яриагүй шүү дээ. УИХ-д гишүүн болж, тангаргаа өргөж орж ирчхээд ирцээ бүртгүүлчхээд гараад явдаг хүмүүсийг бүгдийг нь хэлсэн. Тэр дундаа сөрөг хүчний намын дарга нар чуулганы хуралдаанд зайлшгүй байх ёстой. Энэ удаагийн чуулганд хоёр сөрөг хүчин байгаа. Тэр хоёр намын дарга нарыг хэлсэн.
Манай намын дарга 2004-2008 онд УИХ-д сууж байсан туршлагатай. Яах вэ өөрийнхөө хувьд асар мундаг туршлагатай улс төрч байх. Миний хувьд бол муу туршлагатай. Хүссэн үедээ хурлаа тасалдаг гэх мэтийн ийм туршлагатай улс төрчид энэ удаагийн парламентад хоцрогдох байх. Яагаад гэвэл энэ удаагийн парламентад шинэ үеийн, өндөр шаардлагатай, хариуцлагатай, нэхэл хатуутай гишүүд орж ирсэн. Сөрөг хүчин аль эсвэл Засгийн газарт байна уу хамаагүй өөрсдийнхөө дуу хоолойг чөлөөтэй илэрхийлж чаддаг, шударга үнэний дуу хоолой болж чаддаг, ард түмний дуу хоолой болдог маш олон зарчимч гишүүд гараад ирчихсэн байгаа.
-Ийм тохиолдолд дэд даргыг огцруулна гэсэн заалт танай намын дүрэмд байдаг уу?
-Байдаг. Намын санхүүжилтэд дэд дарга нар тодорхой хэмжээгээр хариуцлагатай оролцох хэрэгтэй. Намын үйл ажиллагаанд манлайлан оролцох хэрэгтэй гэх мэт заалтууд бий. Гэвч яг энэ заалтуудыг нь бүрэн дүүрэн хийж байсан дэд даргаа буулгалаа. Миний хувьд дэд даргаасаа буусан гээд улс төрийн зорилгод маань нөлөөлөхгүй.
Bat
2024-10-21
Tegdin m daa 2 kkkk