Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс нийслэл хотод хэрэгжиж буй мега төслийн зөвлөх үйлчилгээ, барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны албан тушаалтнуудтай 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр уулзав.
Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд дэд төвийг түшиглэн босгох “Сэлбэ дэд төв”-д 12 мянган айлын орон сууцны бүтээн байгуулалт”, Засгийн газраас хэрэгжүүлж буй Улаанбаатарт их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл (метро)-ийг 2024-2027 онд багтаан барих төсөл, “Шинэ тойрог зам” төслийн зөвлөх үйлчилгээ, барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 30 гаруй албан тушаалтныг авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, арга зүйгээр хангах ажлыг зохион байгууллаа.
Дээрх төслүүдийг хэрэгжүүлэхэд анхаарал татсан гол зүйл нь төсөл эхлүүлэх зорилго, судалгаа хангалтгүй хийгдсэн, замын бүтээн байгуулалтын огтлолцол нийлсэн, давхацсан цэгүүдэд зураг төслийн уялдаа холбоогүй, төслийн нэгжийн албан тушаалтнууд өнөөдрийг хүртэл хуралдаж уулзаагүй, өмнө хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын тохижилтын ажлууд хөндөгдөх, сүйтгэгдэх зэрэг эрсдэлтэй нөхцөл байдал бий болохоор байгааг анхаарч ТЭЗҮ болон ажлын зургийн үе шат, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад авлига, ашиг сонирхлын нөхцөлтэй байдлаас урьдчилан сэргийлж ажиллахыг зөвлөв.