Цаг үеийн асуудлаар Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн:
-Түгжрэл үүсгэж байгаа томоохон шалтгаан бол эвдрэлтэй замууд. Нийслэлээс зориг гаргаж, энэ ажлыг хийж байгааг дэмжиж байна. Санхүүжилтийн асуудлыг өнгөрсөн жилийн төсөв дээр биш их оройтож босгосон юм билээ.
Өчигдөр доголдолтой хучилт хийсэн гэдэг зүйлийг сошиалаар харсан. Мэдээж гэрээтэй байгаа байх. Ном журмын дагуу янзална гэж ойлгосон.
-Түгжрэлийг бууруулах чиглэлд нийслэлтэй хэрхэн хамтарч байна вэ?
-Сайд нар бүгд 100 хоногийн даалгавартай байгаа. Тэрэн дотор надад ч мөн даалгавар бий. Хоёр, гуравхан зүйлийг хэлье.
Нэгдүгээрт, судалгаатай аливаа ажлыг, төслийг эхлүүлэх шаардлагатай байгаа. Манай хийгдэж байгаа төслүүдээс харагдаж байгаа байх.
Хоёрдугаарт, мэргэжлийн хүмүүсийн үгийг маш их сонсож байгаа.
Гуравдугаарт, бүх зүйлээ тохироод ялангуяа шийдвэр гаргах төвшиндөө нэг долгион дээр очсоны дараа аливаа асуудлаа зарлаж байя гэж бодож байгаа. Ингээд харахад чимээгүй яваад байгаа юм шиг харагдаж байгаа байх. Мэргэжлийн хүмүүс маань маш сайн ажиллаж байгаа. Хятадын томоохон компанитай бид уулзаад ирлээ. Түгжрэлийг бууруулахын тулд хоёр гурван томоохон төслийг яаралтай хийх шаардлагатай гэж үзэж байгаа.
-Түгжрэл дээр урт хугацаанд хэрэгжүүлэх төслүүд мэдээж байна байх. Ойрын хугацаанд авах арга хэмжээнүүд юу байна вэ?
-Түгжрэл буурахад хамгийн хурдан нөлөө үзүүлэх ажил бол дөрвөн замын уулзваруудыг хоёр түвшний болгоно гэдэг яриа хэлэлцээрүүд явж байна. Мөн автобуснаас өөр төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл оруулж ирнэ. Сонгуулийн өмнө баталсан хот тосгоны тухай хууль бий. Олон хоттой болохоор байгаа.
2028 онд нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.доллар хүрнэ гэдэг зорилт тавьж байгаа. Тиймээс бид аль болох буруу талдаа жолооны хүрдтэй хуучин машинаасаа салаад зөв талдаа жолооны хүрдтэй шинэ машинууд руу шилжих ийм шахалтууд хийж эхэлнэ.