Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ханнес Такачийг (2024.10.21) хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд хамтарсан Засгийн газар хөгжил дэвшлийн 14 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс хоёр нь цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбартай хамааралтай ажлууд бий. Мөн их өгөгдөл, хиймэл оюун ухааны хууль эрх зүйн орчныг бий болгохоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг онцлов.
Мөн Үндэсний танилт нэвтрэлтийн ДАН системийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр Европын сэргээн босголт, хөгжлийн банк холбогдох зөвлөмжийг гаргаж өгсөнд талархаж байна. Төрийн байгууллагууд ХУР, ДАН системийг ашиглан төрийн үйлчилгээг иргэн аж ахуйн нэгжид саадгүй хүргэх, мэдээлэл солилцох, цаасан суурьтай бичиг баримтыг хэрэглээнээс халах чиглэлээр зорилт тавин ажиллаж байна. Засгийн газрын 100 хоногт дроны зориулалтын туршилтын бүсийг байгуулахаар ажиллаж буйг дуулгав. Ирэх дөрвөн жилд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам “Цахим эдийн засаг”-ийг бүтээх, тоон гарын үсгийн хэрэглээг иргэдийн дунд хэвшил болгох үүднээс “Esign Client” программыг хөгжүүлэх төсөл дээр хамтран ажиллах саналаа илэрхийллээ.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач хэлэхдээ Монгол Улсад цахим эдийн засгийг эрчимжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, боломжуудыг тодорхойлох чиглэлд зөвлөх үйлчилгээ үзүүлж, техникийн туслалцааны хоёрдугаар үе шатыг эхлүүлэхэд бэлэн байгаагаа онцлов.
Тус банк нь дэлхийд технологиор тэргүүлэгч орнуудын сайн туршлагыг бусад улс оронд нутагшуулах чиглэлд анхаарч ажилладаг. Энэ хүрээнд Монгол Улстай дата төв байгуулах, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлд хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгээ илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Монголын стартап компаниудыг дэмжих хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулах чиглэлд цаашид хамтран ажиллах хүсэлтэй буйгаа онцлов.