Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо нь холбогдох хууль, тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн хүрээнд эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн ёс зүйг төлөвшүүлэх, ёс зүйн үүрэг хариуцлагыг сайжруулахад ихээхэн ач холбогдол өгч ирсэн.

Карнегийн Зөвлөлөөс 2014 онд анх санаачилсны дагуу дэлхий даяар Дэлхийн Ёс зүйн өдрийг 11 дэх жилдээ тэмдэглэлээ. Эрүүл мэндийн салбарын тухайд “Мэргэжлийн ёс зүйгээ дээдэлье” уриан дор энэхүү өдрийн тэмдэглэж, Эрүүл мэндийн тухай хуулиар зохицуулсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо, Анагаах ухааны ёс зүйн хороо, АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, АШУҮИС-ийн Оюутны хөгжил, удирдлагын газар хамтран Монгол Улсын гавьяат багш Х.Дамдинжавын нэрэмжит "ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЁС ЗҮЙН АСУУДЛУУД" сэдвийн дор онол, практикийн V дугаар хурлыг амжилтай зохион байгуулав.

Хурлыг нээж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлсэн үгэндээ “Ёс зүй харилцаа, хандлага гэсэн сэдэвтэй уулзалт, сургалтад миний бие өөрөө заавал очиж оролцохыг хичээж байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд ард иргэдийн сэтгэл ханамж дутуу байгаа гол асуудал бол бидний ёс зүй харилцаа, хандлагатай холбоотой байна. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудлыг онцгой анхаарч, эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн шалгалт, төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн элсэлт, төгсөлтийн шалгалт, анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгсөгчдийн төгсөлтийн шалгалтын сорилын агуулгад ёс зүйн мэдлэгийг шалгасан сорилыг түлхүү оруулна. Дараагийн нэг чухал ажил нь эрүүл мэндийн байгууллагуудад ёс зүй, харилцаа хандлагын хөтөлбөр, төслүүдийг хийж хэрэгжүүлэх шаардлагатай байна. Эрүүл мэндийн салбарт тавигдаж байгаа цалин, урамшуулал, ажлын гүйцэтгэл, ур чадварыг үнэлэхдээ ёс зүйн асуудлыг 50 дээш хувьд тооцон, дүгнэхэд онцгой анхаарч ажиллана” хэмээн онцоллоо.

Хуралд эрүүл мэндийн салбарын 50 орчим байгууллагын 126 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач нар танхимаар оролцсон бол орон нутгаас Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар болон хэсгийн хороодын 50 орчим гишүүд оролцож, мэргэжлийн ёс талаарх мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээ өөрсдийн үйл ажиллагаанд тулгамдсан асуудлаар Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны бүрэлдэхүүнээс  арга зүйн дэмлэг авч, санал солилцлоо.

Таны сурталчилгаа