Эрдэнэ Сэцэн, Шашныг өрнүүлэгч, Чин сүсэгт, Тус ачлалт, Тунгалаг чандмань, Далай Дайчин, Ялгуусан дагина, Эрх цагаан дара ноён, Улсын эх дагина Дондовдулам хатны мэлмий гийсний 150 жилийн ойд зориулсан “МОНГОЛ ТӨРИЙН ХАТАН ЭРДЭНЭ” үзэсгэлэнгийн нээлт үеэр МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Дугарсүрэнгийн Энхцэцэгийн "УЛСЫН ЭХ ДАГИНА" ном/нэмж засварласан хоёр дахь хэвлэл/-ын баяр болов.
Богд Хааны Ордон Музейгээс “Богд судлал”-д музейн хадгалалт, хамгаалалт, судлалд онцгой гавьяа байгуулсан эрдэмтэн судлаачдад энэхүү өргөмжлөлийг олгодог уламжлалтай билээ. Энэ удаад Түүхч Д.Энхцэцэг нь Монгол хатад судлал, Богд хааны хатан Дондовдулам хатны судлалд онцгой гавьяа байгуулсан тул Богд хааны Ордон Музейн ШАР ТОРГОН ӨРГӨМЖЛӨЛ хүртээв.
Өргөмжлөлийн үгийг сийрүүлбээс:
"Шажин төрийг хослон баригч, наран гэрэлт, түмэн наст, хэмжээгүй эрхт Богд Хааны Ордон Музейгээс дурсгах ану:
Их шавь Дугарсүрэнгийн Энхцэцэг та мэргэн оюун, сацарсан авьяас, уйгагүй зүтгэлийн үрээр олон ардын мэлмийн лянхуаг баясгаж, эрдэнэт төрийн хатан эх, эрх цагаан дара ноён Дондовдуламын үйл хэрэг, гавьяа зүтгэлийг түмэн олноо алдаршуулахын тул бие, хэл, сэтгэлээ ихэд чилээхийн сацуу Хаан Ордны эрдэм судлал, хөгжил дэвшлийн төлөө чин үнэн санааг тэгшилж, төдийгөөс өдийг хүртэл нэн ариун явдлаар төв цэх зүтгэсэн болой. Үүний тул сайшаан үзэж Богд Хааны Ордон музейн ШАР ТОРГОН ӨРГӨМЖЛӨЛ хүртээв.
Богд Хааны Ордон Музейн захирал Цэвэг-Очирын Эрдэнэбаатар
Улсаа мандуулсны 113 жил, намрын адаг хөх нохой сарын шинийн 15, цагаан бар өдөр болой
2024 оны 10-р сарын 17