Хойд Солонгосын тусгай хүчний болон энгийн нийт 1500-аад цэрэг ОХУ-ын армид тулалдахаар аль хэдийн ирсэн хэмээн Сөүлийн тагнуулын агентлагаас мэдэгдэв.
Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд ОХУ-ын элчин сайд Георгий Зиновьевтэй уулзаж, Хойд Солонгосын энэхүү үйлдлийг буруутгасан бөгөөд Сөүл “боломжит бүх арга хэмжээгээр хариу өгөх болно” гэж анхааруулсан байна.
Ноён Зиновьев уг асуудлын талаар цааш дамжуулахаа мэдэгдсэн ч, Москва, Пхеньяны хамтын ажиллагаа нь “олон улсын эрх зүйн хүрээнд” байгааг онцолжээ. Оросын армид дайтахаар БНАСАУ-ын цэргүүд ирсэн гэх мэдээллийг элчин сайд батлаагүй байна.
Даваа гарагт, Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков хэвлэлийнхэнд хийсэн мэдэгдэлдээ, тус хоёр улсын хамтын ажиллагаа нь “гуравдагч орон руу чиглэсэн биш” бөгөөд “үүнд хэн нэгэн санаа зовох шаардлагагүй” гэжээ.
Харин Пхеньян энэ талаар мэдэгдэл хийгээгүй.
Эх сурвалж: BBC