УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэгт ажиллах үеэрээ эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэж өгсөн.
Шийдвэрүүд ажил хэрэг болж эхний тоног, төхөөрөмжийн хангалтыг хийлээ. Дэлхийн банк, Эрүүл мэндийн яамны хамтарсан хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношилгоонд ашиглах хиймэл оюун ухаанд холбогдсон цээжний рентген аппаратуудаар эмнэлгүүдийг хангах ажлын хүрээнд Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэгт 9 дэх аппаратыг хүлээлгэн өглөө. Оношилгооны аппарат хүлээн авах үйл ажиллагаанд эмнэлгийн удирдлага, эмч, мэргэжилтнүүд, тоног төхөөрөмж нийлүүлж буй Си-Ай-Ти ХХК-ний төлөөллүүд оролцлоо.
Солонгос улсын Poskom компаний үйлдвэрлэсэн зөөврийн цээжний рентген аппарат нь 11 төрлийн өвчнийг ялган оношлох хүчин чадалтай бөгөөд 250,000 ширхэг зураг бүхий дата баазтай холбогдож хиймэл оюун ухаанаар рентген зургийг харьцуулан уншиж 4-9 секундэд хариу гаргадаг, явуулын үзлэгээр зөөвөрлөн авч явах боломжтойгоороо давуу талтай.
Тус аппаратыг Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэг амьсгалын замын өвчлөл ихсэж буй үед эмнэлэгт хандсан, хатгалгаагаар хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийг оношлох тусламж, үйлчилгээнд ашиглана.