2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, хамба номун хан гэвш лхаарамба Д.Жавзандорж, дэд хамба гавж С.Гантөмөр тэргүүтэй Монгол лам нарын төлөөлөл Япон улсын Фукуока хотын Буддагийн шашны Нанзоё-ин, Рэйзан-сэннонжи хийдийн лам нар болон Японы Шинто шашны Момижи-Хачимангү хийдийн лам нартай хамтран Их Монгол улсын Юуан гүрний цэрэг Японы аралд халдан довтолсны 750 жилийн ойн хүрээнд энэхүү тулаанд амь үрэгдсэн хоёр орны цэрэг дайчид энгийн иргэдийн дурсгалд зориулсан Энхтайваны мөргөл үйлдлээ.
Тус мөргөлийн зорилго нь даян дэлхийн бүхий л ард түмэн үеийн үед дайн дажингүй энх тайвнаар зэрэгцэн оршиж, амар амгалантай аж төрөхийн төлөө юм.
Энэхүү арга хэмжээнд Монгол улсаас Япон улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Баярсайхан тэргүүтэй албаны хүмүүс, Монголын бурхны шашинтын Төв-Гандантэгчэнлин хийд, Хамарын хийд, Дархан хотын лам нарын төлөөлөл болон зочид төлөөлөгчид, урлаг соёлынхон оролцож, хоёр орны шашин соёлыг танилцуулсан өндөр ач холбогдол бүхий арга хэмжээ болов.