Яармагийн замд гарсан зам тээврийн ослын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодрууллаа.
-Өчигдөр яармагийн замд гарцаар гарч явсан иргэн осолд орж, амиа алдсан хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо Вива ситигийн урд замд явган хүний гарц дээр хүн мөргүүлчихлээ гэдэг дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 19:05 цагт ирсэн. Тухайн дуудлага мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид хэргийн газрын хамгаалалтад авч, Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг хийсэн.
Урьдчилсан байдлаар ослын улмаас явган зорчигч иргэн гарцан дээр мөргүүлж, амь нас нь хохирсон нь тогтоогдсон. Тухайн хэрэг ослыг цагдаагийн байгууллагаас хуулийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.
Тухайн жолоочийг согтууруулах бодис хэрэглэсэн эсэхийг төхөөрөмжөөр шалгасан. Согтолтын зэрэг тэг хувьтай байсан.
Энэ оны эхний есөн сарын байдлаар Зам тээврийн ослын улмаас 449 хүний амь нас хохирсон. Эдгээрийн 112 нь явган зорчигчоор хөдөлгөөнд оролцож байгаад осолд өртөж амь нас нь хохирсон харамсалтай мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Мөн ослын улмаас 3051 хүн гэмтсэн. Нийслэл хотын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, иргэд гэрэл дохио зөрчих, явган зорчигчид зам тавьж өгөхгүй байгаа зөрчил энэ оны эхний есөн сарын байдлаар 4285 гарсан.
Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолоочид халтиргаа, гулгаатай энэ үед хурдаа тохируулж явах шаардлагатай байна. Осол гаргаж жолоочдын дийлэнх нь зуны улирлын дугуйтай байна.
-Яармагийн замд удаа дараа ийм осол гардаг. Энэ замын онцлогоос шалтгаалж байгаа зүйл бий юу. Магадгүй гүүрэн гарц хийх шийдэл байж болох уу?
-Тухайн хэрэг осол болсон газар бол зохицуулдаг явган хүний гарц байсан. Нэг ёсны гэрлэн дохиотой. Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Яармагийн зам бол өөрийн гэсэн онцлогтой. Тухайн яармагийн гарц болгон дээр зохицуулдаг гэрлэн дохионы гарц байдаг. Тэгэхээр маш олон иргэд гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гардаг. Гол нь замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч иргэд гэрлэн дохио зөрчдөг. Түүнчлэн яармагийн зам өргөн, хурд авах боломжтой учраас гэрлэн дохионд амжих гэсэн бодлоор явган зорчигчийг мөргөж гэмтээх тохиолдол гарч байсан. Тиймээс албан хаагчид биеэр хяналт тавих ажлыг судлаад явж байгаа.
-Осолд өртсөн нэг иргэний биеийн байдал ямар байгаа вэ?
-Хоёр иргэн авто осолд өртсөн гэх мэдээлэл цахим сүлжээнд явж байсан. Осолд нэг иргэн өртөж, амь насаа алдсан.