Дэлхий дахины болон Монгол Улсын томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, өвчлөлийн цаашдын хандлага, эрүүл мэндийн салбарт тулгарч буй хүндрэл, бэрхшээл, салбарын бэлэн байдлыг хангах, томуугийн тандалтыг бэхжүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах талаар хэлэлцэх “Томуугийн үндэсний арваннэгдүгээр зөвлөгөөн” өнөөдөр /2024.10.22/ “Корпорайт Конвейшн Центр”-ийн хурлын танхимд эхэллээ.
Энэ удаагийн зөвлөгөөн Томуугийн үндэсний төв байгуулагдсаны 50 жил, Томуугийн лабораторид суурилсан тандалтын тогтолцоо үүсэж хөгжсөний 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог болж байгаа юм. Уг зөвлөгөөнд 21 аймаг, есөн дүүргийн ЭМГ, ЭМТ, НЭ, БОЭТ, өрх, сумын ЭМТ болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн дарга нар, тархвар судлагч, вирус судлагч эмч зэрэг 270 гаруй хүн оролцож байна.
Зөвлөгөөнийг нээж ЭМЯ-ны Төрийн нарийн бичиг Д.Очирбат мэндчилгээ дэвшүүлснийг тус яамны Халдварт өвчний хэлтсийн дарга Д.Баярболд уншиж танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Академич П.Нямдаваа тэргүүтэй үе үеийн эрдэмтэн, доктор, эмч, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлээд “Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вирус судлалын лавлагаа лаборатори нь вирусийн геномын бүрэн дараалал тогтоох шинжилгээг хийх чадамжтай болж, харуулдан тандалтын нэгжүүдийн үйл ажиллагаа тогтвортой ажиллаж байгааг дурдав.
Мөн томуугийн тандалтын мэдээллийн тогтолцоонд 2009 оноос эхлэн эрүүл мэндийн салбартаа анхдагч болох онлайн-вэб-д суурилсан тогтолцоог бүрдүүлж чадсан нь мэдээллийг цаг хугацаанд нь авах, хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, аймаг бүр өөрсдийн томуу, томуу төст өвчний өвчлөлийн түвшинг үнэлэх боломжоор хангагдсан” талаар онцоллоо. Түүнчлэн ДЭМБ-ын Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскаланте оролцогсдод цахимаар мэндчилгээ дэвшүүлж, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа, ШУА-ийн гишүүн, доктор, профессор П.Нямдаваа нар үг хэлэв.
Жил бүр томуу, томуу төст өвчин нь хүн амын дунд дэгдэлт үүсгэж, эмнэлгийн орны ачааллыг ихэсгэх, үүнтэй холбоотой эмч мэргэжилтнүүдийн хомсдол үүсэх, эцэг, эхчүүд, асран хамгаалагчдын ажлын ирц буурах зэргээр улс орны нийгэм эдийн засаг, эрүүл мэндийн салбарт нэлээн дарамт учруулдаг.
Тиймээс томуу, томуу төст өвчин болон томуугийн болзошгүй цар тахлаас сэргийлэх, бэлэн байдлаа хангаж ажиллах нь эрүүл мэндийн байгууллага төдийгүй бусад салбарууд, ард иргэдийн үүрэг, хариуцлага болж байна. Зөвлөгөөнийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын Халдварт өвчний хэлтсийн дарга Д.Баярболд, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа удирдаж, “Томуугийн тандалтыг тогтолцоо үүсэж хөгжсөн түүх” ХӨСҮТ-ийн ХӨТСА-ны Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа, “ДЭМБ-аас баримталж буй ТТӨ-ний дэгдэлтийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний бодлого чиглэл” ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн П.Дуламрагчаа, “Монгол Улсын хэмжээнд ТТӨ-ний дэгдэлтийн үед эмнэлгийн тусламж үйлчилгээний бодлого, чиглэл” сэдвээр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний бодлогын газрын дарга Р.Гантуяа нар илтгэл тавьж, мэдээлэл өглөө.
Хоёр өдөр үргэлжлэх тус зөвлөгөөнд ДЭМБ, ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн байгууллагууд, АШУҮИС-ийн төлөөллүүд оролцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох юм. Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга нь улирлын томуугийн вакцинжуулалт бөгөөд жил бүр эрсдэлт бүлгийн хүн амыг хамруулан дархлаажуулдаг. Томуугийн улиралд нийт 300,000 хүн тун вакцинаар улсын хэмжээнд 6 сартайгаас 5 хүртэлх насны хүүхдүүдийн 50 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 30 хувийг вакцинжуулахаар зорьж, амжилттай зохион байгуулсан.
Иймд энгийн сэргийлэлтийн арга болох амны хаалтаа тогтмол зүүх, гараа угаах, зай барих, аль болох олон хүн бөөгнөрсөн газраар зорчихгүй зэрэг нь халдвар дамжин тархахаас сэргийлэх үр дүнтэй арга бөгөөд ард иргэддээ энэ аргыг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэхийг зөвлөгөөнд оролцогсдын зүгээс уриалж байлаа.