Явган зорчигчдыг зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирохоос урьдчилан сэргийлэх, явганаар замын хөдөлгөөнд оролцдог иргэдэд зөв дадал суулгах, явган хүний гарцаар гарч хэвшүүлэх, зөв үйлдэлд уриалах, сурталчлан таниулах, хэвийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “”НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ” нэгдсэн арга хэмжээ 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулагдаж байна.
Арга хэмжээний хүрээнд:
Иргэд, олон нийтэд зам тээврийн ослын хор уршгийг таниулах, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах;
Сургууль орчмын бүсэд хөдөлгөөнт хэлбэрээр хяналт шалгалт хийх. Тухайн хэсэгт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийг таслан зогсоох;
Явган хүний гарц, тэмдэг, тэмдэглэл, гэрэлтүүлэг, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн бүрэн бүтэн байдалд холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтарсан үзлэг, шалгалтыг зохион байгуулах;
Явган зорчигчид болон хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үе шаттай сургалт, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулахаар ажиллаж байна.