ХӨСҮТ-өөс гаргадаг тандалт мэдээний дүнгээр томуугийн өвчлөл улирал хоорондын үеэс идэвхжилийн үе рүү шилжээд 14 хонож байна. Тодруулбал, томуугийн дэгдэлт эхлээгүй буюу томуугийн А болон В хүрээний вирус өвдсөн иргэдийн дунд илрээгүй. Гэсэн ч хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.
Энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа.
-Хүйтний улирал эхэлж томуу, томуу төст өвчний дэглэлт эхэлдэг. Эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн бэлтгэл хангаж байгаа вэ. Сүүлийн үеийн энэ төрлийн өвчлөлийн дүн мэдээлэл гарсан уу?
-Нийслэлд сүүлийн долоо хоногийн мэдээгээр амбулаторийн үзлэгийн тоо нэмэгдэж байна. 41 дэх долоо хоногийн мэдээгээр амбулаториор 93 мянга гаруй иргэн үйлчлүүлжээ. Үүнээс томуу, томуу төст өвчний шалтгаанаар нийт амбулаториор үйлчлүүлэгчдийн 4.6 хувь нь хандсан байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн долоо хоногт амбулаторид амьсгалын замын өвчлөлийн шалтгаанаар хандсан иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа юм. ХӨСҮТ-өөс долоо хоног бүр гаргадаг тандалт мэдээний дүнгээр томуугийн өвчлөл улирал хоорондын үе шатаас идэвхжилийн үе шат руу шилжээд хоёр долоо хоног болж байна. Одоохондоо томуугийн дэгдэлт эхлээгүй гэсэн мэдээлэлтэй байгаа. Мөн тандалтаар томуугийн вирусийг илрүүлж судалдаг. Энэ судалгаагаар томуугийн А болон В хүрээний вирус одоохондоо өвдсөн иргэдийн дундаас илрээгүй. Өөрөөр хэлбэл томуугийн вирус орчилд одоохондоо ороогүй байна. Гэхдээ хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор энэ төрлийн өвчлөл нэмэгдэх хандлагатай. Өвчлөл нэмэгдэхийн хэрээр томуугийн вирусийн өвчлөл нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл өвчилсөн тохиолдолд эмнэлэгт хандах, хүндэрсэн бол хэвтэн эмчлүүлэх тоо нь мөн нэмэгдэх хандлагатай байгаа.
-Энэ төрлийн өвчлөлийн вакциныг хийж байгаа юу?
-Энэ жил дархлаажуулалт эрт эхэлсэн. Өнгөрсөн жил аравдугаар сарын 10-наас бид дархлаажуулалтыг эхлүүлж байсан бол энэ жил наймдугаар сарын 30-ны өдрөөс эхэлсэн. Иймээс эмнэлэгт хандан хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо буурах болов уу гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор томуугийн дархлаажуулалтыг зорилтот бүлэгт хийж байна. 80 хувь гаруйд хийгджээ. Ирэх долоо хоногт дархлаажуулалтыг бүрэн хийж гүйцээх зорилготой байна.
-Хэвтэн эмчлүүлэгчид нэмэгдвэл ямар арга хэмжээ авахаар төлөвлөөд байна вэ?
-Нийслэлд томуугийн өвчлөлийн чиглэлээр дэлгэж болох орны тоон зохицуулалт хийгддэг. НЭМГ-ын харьяа үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагууд одоогоор 800 гаруй амьсгалын замын өвчлөлтэй хүүхдүүдийг хүлээж авах зориулалттай орыг бэлтгэсэн. Үүнийг бид хоёр дахин нэмэгдүүлэх төлөвлөлт хийгдсэн. Өвчлөл нэмэгдэхийн хэрээр эрүүл мэндийн байгууллагуудтай хамтраад 2000 гаруй ор дэлгэх бололцоо бий.