Монголын чөлөөт бөхийн холбоо өнгөрсөн долоо хоногийн бямба гараг буюу 10 дугаар сарын 19-ны өдөр ээлжит их хурлаа хуралдууллаа. Хуралд 21 аймаг, 9 дүүрэг, 6 спорт хороо, бөхийн клубүүд, шүүгч, дасгалжуулагч, ахмадууд болон алдартнуудын төлөөллөөс бүрдсэн 100 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж хурлын ирцийг бүрэн дүүрэн хангав.
Ээлжит их хурлаар МЧБХ-ны дүрмийн шинэчлэл, удирдах зөвлөл болон бусад зөвлөлүүд, хяналтын хороог шинээр байгуулж цаашдын үйл ажиллагаа ирээдүйн зорилгоо тодорхойлж мөн өнгөрсөн алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж ярилцлаа.
Холбооны ерөнхийлөгчөөр МАН-ын ЕНБД Я.Содбаатар улиран сонгогдож чөлөөт бөхийн гэр бүлээ дахин удирдан чиглүүлэх хүндтэй үүргийг хүлээн авлаа.
Хурлын үеэр МЧБХ-ны ерөнхийлөгч Я.Содбаатар өнгөрсөн жилүүдийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг нийт ирсэн төлөөлөгч нарт тайлагнаж мөн төлөөлөгчдийн санал хүсэлтийг нээлттэй сонслоо.