Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингоос тодрууллаа.
-Соёлын яам 2024 онд гадаад томилолтын зөвхөн тийзийн зардалд 344 сая төгрөг зарцуулсан гэх мэдээлэл байна. Үүнд тайлбар өгөөч?
-Юун түрүүнд төсвийн зарлага зөв зохистой байна уу, үр ашигтай байна уу гэдгийг хянах мэдээлэх нь хэвлэл мэдээллийн байгууллагын ажил. Нөгөө талдаа хүмүүс үүнд хяналт тавих нь зүйтэй гэж үзэж байна. Мэдээллийн хувьд зөрүүтэй байна. Нэгдүгээрт, томилолтын зардал гарахдаа бүрэн зардал гардаг. Дан тийз гэхгүй. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны хувьд олон улсын болон дотоодын маш олон арга хэмжээг зохион байгуулдаг. Уран бүтээлчид олон улсад явж Монгол Улсаа сурталчлан таниулдаг. Үүнээс гадна соёлын өвийг хадгалах хамгаалах, ЮНЕСКО-д соёлын өвийн бүртгэлээ хийлгэх, нөгөө талдаа олон улсын мэргэжилтнүүд ирж Монгол Улсад уран бүтээл хийх, цаашлаад хүүхэд залуучуудад зориулсан арга хэмжээн дээр сургалт семинар хийх гэх мэт олон арга хэмжээ болдог. Энэ бүхний нийлбэр шилэн дансанд тавигдсан мэдээллүүдийг гаргаж ирж байна. Үүнээс гадна олон улсын уран бүтээлчид ирж уран бүтээлээ туурвих асуудал байдаг.
-2024 онд Соёлын яамны гадаад томилолтод хэдэн төгрөг тусгасан бэ?
-Саяны хэлсэн дүнгээр тавигдсан байна лээ. Би өөрөө хувийн хэвшилд ажиллаж байсан. Сүүлийн 20 гаруй жил татвар төлөгч байсан. Төсвийн зарцуулалт татвар төлөгчдийн мөнгө учраас миний хувьд хамгийн их анхаардаг зүйл төсвийн зарцуулалт байдаг. Зарцуулж байгаа 1 төгрөг ч байсан үр ашигтай байх ёстой гэдэгт анхаардаг. Манайх нөгөө талдаа аялал жуулчлалыг олон улсад сурталчлан таниулдаг учраас бид бүхэн олон улсад Монгол Улсаа зөвөөр сурталчлан таниулж байж экспортын үр ашиг орж ирдэг. Энэ утгаар бид олон улсад GoMongolia брэндийнхээ хүрээнд Монгол Улсаа сурталчлан таниулах ажлуудыг маш их хийдэг. Иймээс ч 700 мянга гаруй жуулчин монголд ирчихсэн байна. Үүнтэй холбоотойгоор 1.3 тэрбум ам.долларын экспортын орлого олсон байна. Бид цаашдаа зөв зохистой зарцуулалтыг хийж байж буцаагаад Монгол Улсдаа экспортын орлого оруулж ирэх нь зүйтэй гэж харж байгаа.
-Тэрэлж ресортод болсон төрийн байгууллагуудтай холбоотой үйл ажиллагаануудад зарцуулсан төсөв олон нийтийн дунд их яригдаж байна. Тэрэлж ресортод зохион байгуулсан хэлэлцүүлгүүдэд 2024 онд 280 сая гаруй төгрөг шилжсэн. Хамгийн сүүлд гэхэд Төсвийн хэлэлцүүлгийг Тэрэлж ресортод хийж 126 сая төгрөг шилжүүлсэн байна. Үүнд таны хамаарал бий юу гэх хардлага байна л даа?
-Юун түрүүнд нэг зүйлийг тодорхой хэлье. Би дөрвөн жилийн өмнө төрийн байгууллагад орохоос өмнө өөрийнхөө эзэмшлийг шилжүүлсэн. Миний эзэмшлийн газар биш. Тиймээс ямар нэгэн үйл ажиллагаанд нь би оролцдоггүй. Дотоод, гадаад зохицуулалт Монгол Улсын зочлох үйлчилгээний салбарт 50 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа монголд анхны таван одтой зочид буудлын стандартыг бий болгосон газар. Тиймээс ямар үйл ажиллагаа явуулах нь тухайн байгууллагын зохицуулалт. Тэгэхээр захиалга өгч үйл ажиллагаа авсан, нөгөө талдаа захиалга өгч үйл ажиллагаагаа хийсэн байгууллагуудаас нь тодруулга авах нь зүйтэй байх. Миний хувьд улс төрийн үйл ажиллагаанд оролцож байгаа хүн өндөр ёс зүйтэй байх ёстой гэж хардаг. Тэр ч утгаараа хуулийн хүрээнд ч боломжгүй, ёс зүйн хүрээнд ч боломжгүй зүйл учраас миний өөрийн удирдаж, ерөнхийлөн захирч байгаа байгууллагууд, Соёлын яамны хувьд эдгээр байгууллагатай хамтран ажилласан зүйл байхгүй.
-Төсвийн хэлэлцүүлэг хийх арга хэмжээ Тэрэлж ресортод болсон. Та тухайн хэлэлцүүлэгт оролцсон уу?
-Мэдээж Засгийн газраас хийж байгаа үйл ажиллагаанд сайдын хувьд оролцоод шаардлагатай мэдээ мэдээллээ өгөөд явдаг.
-Та Паралимпын холбооны асуудал дээр та ямар байр суурьтай байгаа вэ. Саяхан болсон паралимпод манай тамирчнаас допинг илэрсэн гэх асуудал хөндөгдөж, дараагийн паралимпод цагаан тугийн дор оролцох эрсдэл үүслээ шүү дээ?
-Нэгдүгээрт, мэдээллээ шалгах нь зүйтэй болов уу. Ямар нэгэн тийм цагаан тугийн дор орох нөхцөл байдал үүсээгүй.
-Допингийн холбооноос мэдэгдэл гаргасан. Ийм эрсдэл байна гэх?
-Биеийн тамир спортын тал дээр нэн ялангуяа мэргэжлийн шигшээ багууд дээр мэргэжлийн холбоодуудаар нь дамжуулан үйл ажиллагаа явагддаг. Дээрээс нь МОНАДО буюу Допингийн эсрэг байгууллагын зүгээс нөхцөл байдлын асуудлыг ил болгоод үүнийгээ холбоонд нь мэдэгдээд, цаашлаад Паралимпын холбоонд мэдэгдсэн. Үүнтэй уялдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд мэдэгдсэн учраас аливаа нэгэн эрсдэл гарахаас өмнө энэхүү асуудал шийдэгдсэн. Энэ бол дан ганц улсын асуудал биш. Аливаа зүйл тамирчин, холбоо, нөгөө талдаа биеийн тамир спортыг хариуцаж байгаа төрийн захиргааны байгууллага бүх талын зөв мэдээлэлтэй дээрээс нь хариуцлагатай байх үүрэг. Бүх зүйлийг төр зохион байгуулна гэж байхгүй. Бид тэр хүнийг 24 цаг дагаад явахгүй. Холбоо бас дагаад явна гэж байхгүй. Тамирчин хариуцлагатай байх ёстой. Бид мэдсэн тэр даруйдаа ямар нэгэн эрсдэлд орохгүйгээр тухайн үед шийдвэрлэсэн. Харин ч Паралимпын холбоо маань маш хурдан шийдвэр гаргаж, тэр даруйд нь буцаах шийдвэр гаргасан учраас манайх ямар нэгэн эрсдэлд ороогүй гэж үзэж байгаа.
-Тухайн тамирчинд өмнө Допингийн эсрэг байгууллагаас мэдэгдэл өгсөн ч нуун дарагдуулаад явсан гэх мэдээлэл бий. Тухайн тамирчин болоод холбоонд хариуцлага тооцсон уу?
-Одоогийн байдлаар ярианы түвшинд байна. Ийм зүйлд мэргэжлийн холбоод хариуцлага хүлээх ёстой. Бид үүнээс юу харах ёстой гэхээр ирээдүйд бид яаж олимпдоо бэлтгэж орох вэ, 2028 оны олимпод яаж оролцох вэ гэдэг дээр илүү анхаарах ёстой. Бид энэ удаад паралимпод маш амжилттай оролцсон. Яагаад гэвэл Паралимпын холбоо маш зөв ажиллаж удирдлагын хувьд 2024 оны Парисын олимпод хэрхэн оролцох вэ гэсэн төлөвлөгөө гаргаж, түүнийхээ хүрээнд ажилласан учраас бодитой үр дүн гарсан. Тийм ч учраас бид 2028 оны олимпод яаж оролцох вэ, ямар төлөвлөгөөтэй ажиллах вэ, үндэсний шигшээ баг юунаас бүрдэх вэ, ингэхдээ паралимп болон олимпын шигшээ хамтарсан баг болж орох уу зэргээр бүх зүйлдээ эртхэн хийж хэрэгжүүлэх үүднээс олимпод бэлтгэх үндэсний хороогоо шууд байгуулсан. Яг үнэний хэлэхэд спортын салбар асуудал дагуулсан олон зүйлтэй байна. Бид энэ зүйлүүдээ шийдвэрлэхийн тулд эртнээс ажиллаж эхэлж байна. Энэ утгаараа 2024 онд дараагийн олимпод бэлтгэх үндэсний хороог байгуулаад хэрхэн дараагийн олимпод оролцохоо төлөвлөөд эхэлсэн. Бид спортын салбарын бичиг баримтыг боловсруулж байна. Ингэснээр аль спортоор үндэсний шигшээ багтай байх вэ, аль спортоор дамжуулан нийтийн биеийн тамирыг хөгжүүлж, хүүхэд залуучуудыг зөв амьдралын хэв маягт уриалах вэ, ямар спортыг мэргэжлийн спорт гэж үзэх вэ, ингэснээр яаж хөгжөөн дэмжигчдийг бий болгох вэ гээд цогцоор нь харах зүйл учраас энэ хүрээнд бид үйл ажиллагаагаа төлөвлөөд ажиллаж байгаа.