Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь 2001 онд байгуулагдсан цагаасаа эхлэн "Хүний эрхийн төлөө хамтдаа" нээлттэй өдөрлөгийг 21 аймаг, зарим алслагдсан сумдад зохион байгуулж ирсэн уламжлалтай.
Энэ хүрээнд 2024 оны 10, 11 дүгээр сард Хангай, Баруун, Зүүн, Говь, Төв, Хойд гэсэн зургаан бүсэд “Хүний эрхийн төлөө хамтдаа” өдөрлөг арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөөт ажлыг эхлүүлсэн.
Төлөвлөгөөний дагуу Комиссын гишүүн Г.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Баруун бүсийн таван аймагт ажиллаж байгаа бөгөөд "Хүний эрхийн төлөө хамтдаа" нээлттэй өдөрлөгийн хүрээнд "Иргэдээ сонсъё" арга хэмжээг зохион байгуулж, иргэд, олон нийтэд хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж, гомдол мэдээлэл хүлээн авахын зэрэгцээ хүний эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий зарим байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байгаа юм.
Тэгвэл 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Комиссын гишүүн Х.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг Хангайн бүс болох Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэг албан томилолтын хүрээнд Хангайн бүсэд тулгамдаж байгаа асуудлаар аймгийн удирдлагууд болон төрийн холбогдох байгууллагын шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудтай уулзаж, нөхцөл байдлыг тодруулахын зэрэгцээ батлагдсан төлөвлөгөөний дагуу иргэд, олон нийтэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах юм.
Энэ дагуу,Комиссын гишүүн Х.Мөнхзул, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц, Судалгаа дүн шинжилгээний хэлтсийн ахлах референт Ч.Ариунаа, Гомдол хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Намжилсүрэн, Баянхонгор аймаг дахь референт Б.Содонцэцэг нар Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхжаргал, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Сарангарав, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын хурандаа Б.Наранбаатартай 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар Баянхонгор аймгийн Хүний эрхийн нөхцөл байдал, цаашид хүний эрхийг хангуулах чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл солилцож, Комиссоос тус аймагт хүргүүлсэн зөвлөмж, шаардлагын хэрэгжилтийг эрчимжүүлэх, бодит үр дүн гаргах, шинээр боловсруулагдах аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хүний эрхийн тулгамдсан асуудлуудыг тусгаж хэрэгжүүлэх талаар санал зөвлөмж өглөө.