Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.
-Ирэх онд хэдэн тонн нүүрс экспортлох боломжтой вэ?
-Төсвийн орлогын талаар төсвийн шинжилгээний албаныхан, ажлын хэсгийнхэн ажлын хэсэг дотроо Б.Заяабал гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг судалгаа хий үзсэн. Гол асуудал нь орлогод нөлөөлж байгаа зүйл нь нүүрс. 83 сая тн нүүрс гаргах боломжтой гэж үзсэн. Энэ оны гүйцэтгэл 80 гарчихсан яваа. Энэ оны гүйцэтгэлтэй ижил хэмжээгээр ирэх онд төлөвлөж байгаа нь боломжтой гэж үзэж байгаа. Эрсдэлтэй зүйл нь бид ганцхан нүүрсээр л амьдарч байна. Жишээ нь, нүүрс дэлхийн зах зээл дээр эрэлт нь багасах, зогсох үед эрсдэл үүснэ. Түүнээс 2024 оны хэмжээнд ирэх онд нүүрс гаргах боломжтой.
-Нүүрсийг биржээр зарах нь эрсдэлтэй байна гэж үзээд байх шиг байна л даа?
-Зарим нь биржээр гаргана. Биржгүй нь гэрээгээр гаргаж ашиг хийдэг хүмүүст сонирхол нь байгаа л байх.
-Нүүрсийг зарахдаа хамгийн бага үнийг барьж байна, биржээр арилжаалах сонирхолгүй байгаа нь өөрсдөд нь ашиг унахгүй байна уу?
-1 тн нүүрсийг 129 ам.доллароор арилжихаар борлуулалтын орлого олно гэж төсөвт төлөвлөж байгаа. Энэ нь одоогийн зарж байгаа үнийн хэмжээнд гэсэн үг. Ер нь дэлхийн зах зээл дээр 1 тн нүүрс 200 гаруй ам.долларын үнэтэй байгаа. 129 ам.доллар гэх тэнцвэржүүлсэн энэ үнэ нь боломжийн байна л гэж харж байгаа. Ирэх 1-2 жилдээ гангийн үйлдвэрийн нуман зуухтай цахилгаан технологи нэвтрээд ирвэл нүүрсний эрэлт экспортод гаргахад зайтай. Тиймээс ирэх жилийн хувьд өөрчлөлт гарахгүй байх. Би нүүрсний компаниуд, нүүрсний гэрээ хэлэлцээр хийж байгаа хүмүүстэй ярьсан.
-Ирэх жилийн төсөв том тойргоороо ямар харагдаж байна вэ?
-Хөгжиж буй улс орнуудыг харахаар эхлээд дэд бүтцээ хийдэг. Энэ талаасаа харвал зөв төсөв болсон гэж харагдана. Гол боомттой холбосон замуудаа холбоё гэж байна. Тэгээд аймгуудаа холбосон замуудаа хийе гэж байгаа нь эдийн засгийн эргэлтийг сайжруулна. Энэ бол зөв зүйл. Дутагдалтай юм юунд байна гэвэл халамжаа бууруулж чадахгүй байна. Өнөөдөр халамжид 2 их наяд төгрөг идэж байна. Өнөөдөр хэрэгтэй гэж яриад байгаа жишээ нь арьс ширний үйлдвэр гэхэд 100 сая ам.доллар л байхгүй юу. Тэгэхэд бид халамждаа 6 тийм үйлдвэрийг өгчхөж байгаа юм. Зүгээр 6 тийм үйлдвэрийг бид идэж байгаа. Юу ч үлдэхгүй. ТЭЦ-3 шиг ийм 2-3 станцыг идчихэж байгаа юм. Энэ халамжийн мөнгөнөөс юу ч үлдэхгүй шүү дээ. Гэтэл энэ өвөлжингөө тог цахилгааны хувьд хязгаарлалттай байна. Монголчууд станц шинээр барихгүй байна шүү дээ. Үүнд нийгэм санаа зовж эхэлсэн цагт, нийгмийн халамжаас татгалзаж эхэлсэн цагт ард түмний амьдрал сайжирна. Хэзээ хөгжих үү? Үйлдвэр л барьсны дараа.