УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас тодрууллаа.
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөг болгох тухай яригдаж байна. Энэ инфляцид нөлөөлөх үү?
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд ахлаад нийгмийн гурван талт зөвшилцлийн хүрээнд үндэсний хороондоо шийдвэрлээд явдаг. 660 мянган төгрөгийг 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэр нь төсвийн төсөл өргөн барьсан хойно гарсан учраас одоогийн төсөвт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх төсөв орж ирээгүй. Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдсан. Үүнд энэ асуудал яригдаагүй. Ер нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 жилд нэг удаа нэмэгдүүлэх хуультай байдаг. Энэ жилийн хувьд шинэ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660 мянган төгрөг үйлчлээд явж байгаа учраас хуулиа баримтлах юм бол 2026 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх ёстой гэсэн хуулийн заалттай байгаа. Одоогийн байдлаар УИХ-ын чуулган дээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн ямар нэгэн мөнгөн хэмжээ төсөвт орж ирээгүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх нь зөвхөн цалин гэхээсээ маш олон өөр төрлийн төлбөрийн үнийг нэмэгдүүлдэг учраас маш сайн ярилцаж, бэлтгэлээ сайн хангаж байж шийдвэрлэхгүй бол болдоггүй.
-Цалинтай ээж хөтөлбөрийн мөнгөн хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн ч төсөвт батлагдаагүй орж ирсэн. Үүнийг цаашид нэмэгдүүлэх боломж бий юу?
-Цалинтай ээж гэх аман нэршил нь 0-3 насны хүүхдээ гэртээ асардаг аав ээжийг дэмжих хөтөлбөр анх 2016 онд эхэлсэн. Тухайн үед эдийн засгийн хямрал үүссэн байсан учир гэртээ орлогогүй байгаа залуу ээж аавуудад нэмэр болох үүднээс анх эхэлсэн. Ингэхдээ ажил хөдөлмөр эрхлээгүй буюу НДШ төлөгдөөд эхлэх юм бол шууд зогсдог хөтөлбөр. 0-3 нас хүртэл нь хүүхдээ харж байгаа аав ээжийн энэхүү тэтгэмж нь хөдөлмөр эрхлэлтийг нэг талдаа дарсан зүйл ажиглагдаж байсан учраас миний хувьд тухайн үед хүүхэд төрөнгүүт нь нэг удаадаа 3 жил харах боломжтой төлбөр болох 1.5 сая төгрөгийг өгч байвал яасан юм бэ гэдэг зүйлийг хэлж байсан. Тухайн хүүхдийг бага насанд нь илүү бодитой дэмжлэг байх юм уу гэж харсан. Сар бүр 50 мянган төгрөг өгч байхаар нэг удаадаа 1.5 сая төгрөг өгч байх санаачилгыг оруулж байсан.