Онцгой байдлын ерөнхий газрын Ажиллагааны удирдлагын газраас 2024 оны “Аврагч-тэсэлгээчин” сургалтыг 10 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгууллаа. Онол, дадлага хосолсон хэлбэрээр болсон уг сургалтаар ОБЕГ, ШУТИС-ийн Тэсэлгээний сургалт, судалгааны төв, "Тэсрэлтийн хүч" ХХК-ийн багш, алба хаагчид сургалтад хамрагдсан төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 42 аврагч-тэсэлгээчинд хичээл сургалтыг зохион байгуулсан юм.
Тухайлбал ШУТИС-ийн Тэсэлгээний сургалт, судалгааны төвийн сургалтын менежер Г.Амартүвшин, лабораторийн эрхлэгч Э.Уранчимэг, Монгол Улсын зөвлөх инженер Л.Даваацэдэв, МУ-ын зөвлөх инженер "Тэсрэлтийн хүч" ХХК-ийн захирал О.Ууганбаяр, ОБЕГ-ын ажиллагааны удирдлагын газрын мэргэжилтэн, хошууч Б.Мандалбаяр нар үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалын төрөл, хор аюулын лавлах мэдээлэл, нэр төрөл, хэрэглээ, шинж чанарын тухай мөн тэсрэх материал устгахад тавих шаардлага, хууль эрх зүйн орчин болон Монгол Улсад сүүлийн 4 жилд тохиолдсон тэсэрч дэлбэрэх бодисын ослын талаар танхимын сургалт орлоо.
Сургалтын хоёр дахь өдөр Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Зүүнтүрүүний дайрганы ил уурхайн талбайд дадлага сургуулиар үргэлжилсэн юм. Энэ үеэр "Гоулд майн бласт" ХХК-ийн тэсэлгээний удирдагч, тэсэлгээчид хууль хяналтын байгууллагын шийдвэрээр хураагдсан хугацаа нь дууссан тэсрэх бодис тэсэлгээний хэрэгслийг устгаж дадлага сургууль хийсэн ба сургалтад амжилттай хамрагдсан алба хаагчдад батламж гардууллаа.