Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа. 

-2025 оны төсвийг эд хэлэлцэж байна. Эрүүл мэндийн салбарт ямар асуудлуудыг голчлон тусгаж төсвөө батлуулах вэ? 

-Бид төсвөө тавиулж чадсан ч гэсэн цаашдаа эрүүл мэндийн салбарын асуудлыг тогтолцоогоор нь 100 хувь шийдье гэвэл санхүүжилтээ өнөөдрийн байгаагаас нь хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай. Гэхдээ үүнийг бид зөвхөн төсөв мөнгө хүрэлцэхгүй байна гээд хараад суугаад байхгүй. Даатгалын сангийн зарцуулалт, үр өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч, эрүүл мэндийн байгууллагуудын зарцуулалтын хэмнэж болох зардлуудыг хэмнээд, үр өгөөжтэй зарцуулалтыг хийж чаддаг болбол бид ирэх онд Даатгалын санд тодорхой нэмэгдлүүдийг тавиулчихсан. Эргээд хэмнэлт зарцуулалт талаасаа сахилга бат сайтай байж чадвал ирэх онуудад эмч, эмнэлгийн ажилчдадаа цалин мөнгийг нь харилцаа хандлагатай нь уялдуулаад нэмэгдүүлэх боломж байна гэдгийг хараад, тооцоолоод хийж байна.  

-Даатгуулагчийн шимтгэл ирэх онд хэдэн хувиар нэмэгдэж байгаа вэ? 

-Манай улсад 2.2 сая хүний даатгалыг төр даадаг. Түүнээс хүүхдүүд 1 хувь, бусад төрөөс даалгадаг нь 2 хувьтай байгаа. Үүн дээр өнөөдрийн байдлаар тодорхой өөрчлөлт орсон зүйлгүй. Шимтгэлээ өөрөө хариуцдаг иргэд 1 хувийн татвар төлж байгаа. Өнгөрсөн жил нийт 23 тэрбум төгрөгийг Даатгалын санд төвлөрүүлсэн. Тэр иргэдийн эргээд тусламж үйлчилгээ авсан тооцоог нь бодоод үзэхээр 100 тэрбум гараад явчихсан. Тиймээс энэ 1 хувийг эхний ээлжид 2 хувь болгоё. Ер нь бид эрүүл мэндийн даатгалын санд цугларч байгаа мөнгийг оновчтой зөв болгоё, ялангуяа ард иргэдийн орлоготой нь уялдуулаад зөв тогтоогоод эргээд хамтын төлбөр болон бусад зүйлүүд дээрээ уян хатан зөв бодлогуудыг хийж хэрэгжүүлж чадвал боломжууд байна.  

-Ирэх онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхээр яригдаж байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн мөнгөнд бас өөрчлөлт орно. Үүнтэй холбоотой төсөв мөнгө тусгагдсан уу? 

-Эдгээрийг бүгдийг нь тооцоолоод ирэх оны төсөвт даатгалын сангийн мөнгийг суулгачихсан байгаа. 

-Зарцуулалтад гол хүчин зүйлүүд нь юу байгаа вэ? 

-Нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд тусгах хэрэгтэй байгаа. Түүнийг бид эргээд ард иргэд ямар нэгэн санхүүгийн эрсдэлд өртчихгүй байдлаар хамтын төлбөрүүдийг хэрхэн яаж зохицуулах вэ гэдэг бодлого нь туйлын чухал. Тэгэхгүй бол өнгөрсөн хугацаанд 98 хувийн санхүүжилт нь даатгалын сангаас гарсан. 1.9 хувь нь даатгуулагчаас гарсан. Дэлхий дээр ийм өндөр даатгалын сан даадаг тогтолцоо байхгүй. Гэтэл манай улсад даатгалын сангийнх нь мөнгө нь хүрэхгүй байгаа мөртөө ийм тогтолцоогоор яваад байгаа нь зайлшгүй өөрчлөх хэрэгтэй гэдгийг харуулж байна.  

-Жороор олгох эмийн асуудал үүсээд байгаа. Цахим жор гэх мэт зүйлүүд яригдаж байна. Үүнийг хэрхэн шийдэх вэ? 

-1400 эмийн сан цахимаар хөнгөлөлттэй эмийг жороор олгож байгаа. Цаана нь 1100 эмийн сан цахимтай 100 хувь холбогдоогүй. Үүнийг холбоод бүх төрлийн эмийг цахимаар олгодог, бичдэг болгохоор сайдын ажлыг авсан цагаас хойш ажиллаж байна. Ирэх долоо хоногоос жигдрээд эм цахимаар бичигдээд, ард иргэд эмийн санд очоод цаасаа хураалгаад дараагийн эмээ авч чадахгүй байгаа энэ асуудал шийдэгдэнэ гэсэн үг.  

-Хавдрын хоёрдугаар эмнэлгийн барилгын төслийн ажлын төсөв тусгагдсан уу? 

-Хавдрын хоёрдугаар эмнэлгийн зураг төслийн мөнгө нь Эдийн засаг хөгжлийн яаманд 3 тэрбум төгрөг суугаад, Худалдан авах ажиллагааны газарт зураг төслийн тендер нь зарлагдаад тендер нь 5 хоногийн өмнө нээгдээд, түүнд нь 10 байгууллага орсон байна лээ. Одоо сонгон шалгаруулах явц нь явж байгаа. Зураг төсөл нь бэлэн болоод хэдэн төгрөгөөр энэ барилга баригдах нь тодорхой болчих юм бол төсөв мөнгө суулгах асуудал нь яригдаад шийдэгдээд явна.  

-ХУД-ийн Эрүүл мэндийн төвд удирдлага ажилтнуудын хооронд маргаан гарч, удирдлагыг сольсон тухай мэдээлэл бий. Ер нь иймэрхүү асуудалд хариуцлага гэж зүйл байна уу? 

-ЭМЯ-наас шууд удирдлага болох Нийслэлийн эрүүл мэндийн газар руу газар дээр нь очиж хяналт шалгалт хийгээд, дараагийн шатны арга хэмжээг авч эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралгүй байдлыг сайн ханга гээд даалгавар бичиг нь явсан. Түүний дагуу Нийслэлийн эрүүл мэндийн газар газар дээр нь очиж ажиллаад байгууллагын удирдлагыг солихгүй бол болохгүй нь гэдэг дүгнэлт гаргаад сольж байна гэдэг мэдээллийг эхний ээлжид авсан. Харин хариуцлага тооцоод чөлөөлөв үү, өөр газар даргаар томилох болов уу гэдэг асуудлыг Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн захирагч шууд удирдлагаас нь тодруулбал дэлгэрэнгүй хариулт өгөх байх. Хариуцлага тооцсон бол эргээд өөр байгууллагын даргаар тавина гэдэг нь хариуцлага биш гэж миний хувьд үзэж байна.  

С.ОТГОН 

Таны сурталчилгаа