УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс тодрууллаа.
-2025 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Энэхүү төсвийн тодотголыг та хэрхэн харж байна вэ?
-Би хувь хүнийхээ үүднээс харахдаа төсвийн мөнгө гэдэг татвар төлөгчийн мөнгө. Бондын хувьд бид хэр хэмжээтэй бонд гаргаж байна, хэр хэмжээтэй зээлийн хүүгийн зардлыг гаргаж байна гэдэг нь эргээд татвар төлөгчийн мөнгөнөөс гарч байгаа. Тэгэхээр бид хяналт тавьж байх ёстой. Зориулалтыг тодорхой байлгах ёстой. УИХ татвар тогтоох үндсэн эрхтэй. Дээрээс нь төсөв батлах үндсэн эрхтэй. УИХ-ын Үндсэн хуулиар олгогдсон энэ эрхэд халдаж болохгүй гэдэг асуудал нэг талдаа яваад байгаа. Засгийн газрын оруулж ирсэн хоёр асуудал УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан. Эдгээр нь нэгдүгээрт, татвар тогтоох эрхийг Засгийн газар өөрөө жагсаалтаар баталж, ямар аж ахуйн нэгж ямар салбарыг оруулах, ямар татварын хөнгөлөлт оруулах асуулах асуудлыг бид авъя гэдэг асуудал яриад байна. Энэ болохгүй асуудал. Хоёрдугаарт, бондтой холбоотой асуудлаар Засгийн газар ямар хэмжээтэй бонд гаргах, магадгүй ямар хүүтэй байхыг бид өөрсдөө тодорхойлно гэж оруулж ирсэн. УИХ тэр дундаа Төсвийн байнгын хороо өр зээлийн асуудлууд, төсвийн тогтвортой байдал, өрийн удирдлагын асуудлууд дээр бид онцгой хариуцлага хүлээж байгаа байгууллага. Тэгэхээр бид хариуцлага хүлээж байгаагийнхаа хувьд татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй зарцуулахгүй байх, хэмжээ хязгааргүйгээр өр зээл гаргахгүй байх, бондын хэмжээг хязгаарлах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Одоо хэлэлцэх эсэхээ шийдээд явах байх. Түүн дээр нь зохицуулалтуудыг хийгээд явна. Миний хардаж байгаа зүйл Төсвийн тухай хуульд Засгийн газрын өрийн баталгаа 3.5 их наядыг гаргаж болно гэж оруулж ирсэн. Төсвийн тухай хуульд оруулж ирсэн асуудал нь өөрөө 1.9 их наяд төгрөгийн асуудал байна. Цаана нь 1.6 их наядын төгрөгийн асуудал дутагдаж байгаа юм. Тэгэхээр түүндээ тэнцүүлээд та бүхэн бонд гаргах гэж байгаа юм уу гэдгийг асуугаасай гэж хүсэж байна. Хэрэв тэгвэл асуудал үүснэ. Эрсдэл үүснэ. Нийт төсвийн зардлын 4-5 хувийг бид зээлийн хүүд төлж байгаа. Тэр дотроо 1.4 их наядын зээлийн хүүгийн зардлыг ухаад үзвэл ямар ч эх үүсвэргүй, зориулалтгүй 40 тэрбум зээлийн хүүгийн зардал явж байна гэж харагдсан. Үүнийг цаашид ухаад харвал 1.4 тэрбумын бондыг төсвийн зардалд тусгалгүй, үзэл баримтлалд тусгалгүй хууль эрхзүйн зөрчилтэй хөөсөрсөн зээлийн хүүгийн зардлыг тусгасан байна гэж би харж байгаа.