Өнгөрсөн наймдугаар сард Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодлогын шинжилгээний ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн гишүүдтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан уулзлаа.
Ажлын хэсэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг нэгтгэж, гарц шийдлийг боловсруулаад, эхний байдлаар зөвлөмж гаргажээ. Энэ зөвлөмж нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх нийгмийн үйлчилгээний “зураглал” болох учиртай.
Жишээ нь Японд хөгжлийн бэрхшээлтэй хүн насан туршдаа төрөөс ямар үйлчилгээ авах нь тодорхой байдаг. Хоёр настай хүүхдэд хүрэх асаргаанаас эхлээд 20 настай залуу амьдралд дээр гарахад түүнд хэрэгтэй төрийн үйлчилгээ нь “шатны гишгүүр” мэт ойлгомжтой зурагдсан байдаг.
Манай улс анх удаа ийм бүдүүвч зургийг гаргахаар зорьж байна. Тулгамдаж байгаа асуудлыг Хөгжлийн бэрхшээлийг тогтоох, үнэлэх, Хөдөлмөр эрхлэлт, Нийгмийн халамж, үйлчилгээ, Эрүүл мэнд, Боловсрол гээд 10 гаруй багц хэсэгт хуваажээ.
Эндээс гарсан зөвлөмжийг Эрүүл мэндийн яам, Боловсролын яамтай мөн ярилцана. Цагдаа, онцгой гээд хүчний байгууллагуудтай ч зөвлөлдөх зүйл олон. Мөн халамж, нийгмийн үйлчилгээг хооронд нь ялгаж салгадаг болох гээд эрх зүйн цогц шинэчлэл хэрэгтэй байгаа юм.
Зөвлөмжид тулгуурлан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсронгуй болгож УИХ-аар батлуулна.
Мөн Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төсөл, Дохионы хэлний тухай хуулийн төсөл, Бие даан амьдрах, нөхөн сэргээх үйлчилгээний тухай хуулийн төслийг анхлан боловсруулж байна.