Монгол улсад 2023 онд хөхний хорт хавдрын 344 өвчлөл оношлогдсоны 0.5-1 хувь нь эрэгтэйчүүдэд тохиолджээ.
10 дугаар сарыг дэлхий нийтээр хөхний хорт хавдраас сэргийлэх мэдээ мэдээллийг түгээх, хавдрыг даван туулагчдад итгэл найдвар, урам зориг өгөх, дуу хоолойгоо нэгтгэх сар болгон тэмдэглэдэг. Энэ хүрээнд ХСҮТ-ийн Үйлчлүүлэгчийг дэмжих албанаас эмчлүүлэгчид, асран халамжлагчдад үйлчлүүлэгчдэд зориулан “ӨӨРИЙГӨӨ ОЙЛГО, ӨӨРИЙГӨӨ ЧӨЛӨӨЛ” сэдэвт хавдрыг даван туулагчдын дэмжих бүлгийн уулзалтыг зохион байгууллаа.
ХСҮТ-д хэвтэн эмчлүүлэгч, сахиур, хяналтын өвчтөн, эмч ажилтнууд зэрэг 100 гаруй хүн оролцсон дэмжих бүлгийн уулзалтад хөхний хавдрыг даван туулж буй Б.Батхишиг, О.Хулан нар зочин илтгэгчээр оролцож өөрсдийн туршлагаасаа хуваалцсан юм.
Дэлхийн 8 дахь өндөр оргил болох Эверестийн Манаслу /8163 м/-д амжилттай оргилдсон уулчин, хавдрын даван туулагч Б.Батхишиг, хөхний хавдрын даван туулагч Монгол Улсын зөвлөх инженер, Европын 10 орон 20 гаруй хотоор 2 сар, Монгол орноороо 1 сар үүргэвчтэй аялсан соло аялагч, контент бүтээгч, хувиараа бизнес эрхлэгч бол О.Хулан нар хавдрыг даван туулж буй өөрсдийн түүх, туршлага зэргээр чин сэтгэлийн яриа өрнүүллээ.
Уулзалтад ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, ХСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал С.Хүрэлсүх болон тасаг, албадын дарга, эрхлэгч нар оролцсон бөгөөд ерөнхий захирал Н.Эрдэнэхүү нээж хэлсэн үгэндээ “Цаашдаа өөрийгөө хайрлаж, хүссэн зүйлээ хийж өвдөхгүй аз жаргалтай амьдраарай” гэж хэлсэн юм.
Мөн ХСҮТ-ийн хөхний төвийн эмч У.Минжин хөхний тусламж үйлчилгээний талаар танилцуулга мэдээлэл хийв.
Уулзалтад оролцсон даван туулагчдад урам өгөхөөр ДБЭТ-ийн дуучин Б.Сувд, Хүмүүнлэгийн үйлстэн хүүхдийн элч дуучин МУСТА Х.Буянжаргал уран бүтээлчид хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн бөгөөд уулзалтын төгсгөлд оролцогчдын дунд явуулсан азтан шалгаруулах сугалаанд Дархан-Уул аймгаас ирсэн хөхний хавдрын даван туулагч Азтанаар тодрон гарын бэлгийн эзэн болсон юм.