Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ажлын хэсэг энэ сарын 23-26-ний өдрүүдэд БНСУ-д ажиллаж байна. Ажлын хэсгийн гишүүд тус улсын нийслэл Сөүл хотын өмнөд хэсгийг хариуцсан Хөдөлмөр, халамжийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ бүс нутагт 1.3 сая хүн амьдардаг.
Ёндунпу дүүргийн Хөдөлмөр, халамжийн төвөөр өдөрт 300-400 хүн үйлчлүүлдэг байна. Сүүлийн үед иргэд биеэр ирж, үйлчлүүлэх нь ховор болсон бөгөөд тус төв нийт үйлчилгээнийхээ 90 хувийг цахимаар үзүүлдэг болжээ.
Мөн хөдөлмөр, халамжийн байцаагчийн зарим ажлыг “Виртуал хөтлөгч” хийх болсон байна. Жишээ нь, тэтгэвэр тогтоолгохын тулд заавал байцаагчтай холбогдох шаардлагагүй бөгөөд “Виртуал хөтлөгч” хэрэгтэй бүх мэдээллийг бэлтгэж өгдөг гэнэ. Энэ мэт технологийн хөгжлийг Солонгос улс төрийн үйлчилгээндээ түгээмэл ашигладаг.
Манай улсад ажилгүйдлийн тэтгэмжийг ажлаас гарсан даруйд өгдөг бол Солонгос улсад энэ тэтгэмжийг авахын тулд дараагийн ажилдаа орсон байх шаардлагыг тавьдаг. Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхдээ тухайн хүний идэвх, санаачилгыг илүүд үздэг ажээ. Мөн тухайн иргэн ажил хайгчийн цалин гэж авдаг гэнэ. Энэ цалинг авахын тулд ажлаас гарахаас өмнө 18 сар, үүнээс 180 өдрөөс дээш хоног тасралтгүй шимтгэл төлсөн байх ба аж ахуйн нэгжийн эдийн засгийн хямрал зэргээс хамаарч ажлаас халагдсан ч дахин идэвхтэй ажил хайж, дараагийн ажилдаа орсон хүнд олгоно гэж заажээ. Тодруулбал, өөрийн буруугаас ажлаас халагдсан, ажил идэвхтэй хайхгүй, дараагийн ажилдаа орохгүй бол цалин, тэтгэмжийг авах боломжгүй юм.
Ажил хайж байгаа хүмүүст юуны түрүүнд сэтгэлзүйн болоод, ажил мэргэжлийн ур чадвар сайжруулах олон төрлийн үйлчилгээг санал болгодог. Харин тэтгэмж, тэтгэврийг дараа нь олгодог.
Манай улсын хувьд халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг бодитой хэрэгжүүлэхэд Солонгос улсын энэ загвараас судлах, нутагшуулах зүйл их байгаа тухай Ажлын хэсгийн гишүүд хэлж байлаа.