50 гаруй жил бүтээл туурвисан зураач С.Рэнцэн агсны гэгээн үйлсийг мөнхөлсөн “Амьдралын хүрд “ тосон зургийн үзэсгэлэнг 2024.10.30-ны өдрөөс ирэх 11.14-нийг дуустал олон түмний хүртээл болгоно.
Түүнтэй эн зэрэгцэх байгалийн этюд зурах зураач үгүй гэдгийг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг. “Тугалууд”, “Сүхбаатар хот”, “Халуун сэтгэл, “Ар тайгын бэл”, “Хярааны гол”, “Дулаан хаан”, “Говь гурван сайхан”, “Алтайн хүрэн хайрхан”, “Хар алт”, “Сүүж хайрхан” зэрэг бүтээлүүд нь алтан медаль, оны шилдэг бүтээл шагналуудыг хүртэж байв. 1975 онд Москва хотноо зохиогдсон уран зургийн симпозиумд оролцон, Москва, Киев, Архангельск хотуудаар аялж, 150 гаруй судалбар зураг зуржээ. Тэрээр 5000 гаруй уран бүтээл туурвисан юм.
С.Рэнцэн агсны арга барил, бүтээлийнх нь давтагдашгүй шинж чанарыг “Мастер барилт”-тай нь холбоотой гэж үздэг аж. Дотор сэтгэл, оюундаа тооцоолчхоод зотон дээр гаргаж тавьдаг мастер барилтаас дахин давтагдашгүй өнгө төрхтэй, реалист дүрслэлүүд бидэнд үлдсэн нь дамжиггүй. Улаанбаатар хотноо дөрвөн удаа , Болгар, Япон, Хятад, Англи, Франц, Чех, Польш, Румын улсуудад бие даасан үзэсгэлэнгээ гаргажээ. Тосон будгаар гэрэл сүүдрийн уран тоглолт, онцгой арга барилаар бүтсэн үнэт өвөөс Дүрслэх урлагийн музейд 40, МУЭ-ийн уран сайхны сан хөмрөгт 30 гаруй нь хадгалагдаж байна. Тэрээр 1931 онд Архангай аймгийн Булган сумын нутагт Бор толгой гэдэг газар төрж, 2007 онд насан эцэслэжээ.
С.Рэнцэн агсны бүтээлүүдийн үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд болно. НЗДТГ, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Нийслэлийн соёл урлагийн газрын ивээл дор уг үйл ажиллагаа зохион байгуулагдах аж.