Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарлаж, үйл ажиллагааны хөтөлбөртөө бүсчилсэн хөгжлийн бодлогыг тусгасан. Түүнчлэн УИХ-ын сонгуулийг энэ онд анх удаа томсгосон тойргоор буюу бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсан. Энэ дагуу Улаанбаатар, баруун, хангайн, хойд, төвийн, говийн, зүүн гэсэн долоон бүсийн хөгжлийн бодлогыг тодорхойлох зорилгоор энэхүү чуулганыг зохион байгуулж байна.
Чуулганаар бүсийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт, төслүүд, хамтын ажиллагаа, бүсийн удирдлага оновчтой зохион байгуулалт зэрэг өргөн сэдвийн хүрээнд хэлэлцэх юм.
Сайд Н.Учрал энэхүү чуулганаар, салбар дундын уялдааг хангаж байж бүсчилсэн хөгжлийн зорилго, зорилтууд биеллээ олно. Жишээ нь: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан “Шинэ Хархорум” хот, “Шинэ Зуунмод” хот байгуулах зорилтуудыг хангахад Барилга, хот байгуулалтын яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Сангийн яам гэх мэт олон яам, төрийн байгууллагуудын нэгдсэн ойлголт, төлөвлөлт, гүйцэтгэлийн уялдаа шаардлагатай буйг онцлов.
Мөн, Төрийн бүтээмжийн Үндэсний хороогоор дамжуулан салбар дундын уялдааг хангахад шаардлагатай засаглалын реформын санаачилгуудыг эхлүүлэн ажиллаж байна. 2003.05.30-нд хүчин төгөлдөр болсон Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулиар Бүсийн зөвлөл байгуулахтай холбоотой зохицуулалтыг тодорхойлсон. Өнгөрсөн хугацаанд бүсийн зөвлөл нэг хэсэг ажилласан боловч бэхжиж чадаагүй. Одоо энэ зохион байгуулалтыг сэргээж, шинэчилж, орон нутгууд бүс болон нэгдэж, хэлэлцэж, хамтран ажилладаг албан платформ болгон хөгжүүлэх шаардлагатай.
Манай улс шиг нягтаршил бага, хүн ам сийрэг тархан суурьшсан улс хөгжлөө бүсчилсэн хэлбэрээр төлөвлөж, боловсруулж, зохион байгуулах нь маш чухал ач холбогдолтой. Тиймээс иргэн, хувийн хэвшил, төр бүх шатандаа нэг ойлголттойгоор нэг зүгт харж миний биш бидний гэх сэтгэлээр хандлагаа өөрчилж хамтарч ажиллахыг уриалж байна. Тэгж чадвал Бүсчилсэн хөгжлийн бодлого хөрсөн дээрээ үр дүнтэй хэрэгжиж, улс эх орон хурдацтай хөгжинө. Бүтээмж, хүртээмж нэмэгдэнэ гэсэн юм.