Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн мотобуудлагын батальоны хоёрдугаар ээлжийн цувраа 10 дугаар сарын 25-ны өдөр эх орондоо ирлээ. Энхийг сахиулагчдыг “МИАТ” ТӨХК-ийн “Чингис хаан” онгоцны хөлгийн ахмад Б.Эрдэнэ-Уулаар ахлуулсан нисгэгчид эх оронд нь авчирч, ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Б.Баатар, ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.Мягмаржав нарын албаныхан эрхэм дайчдаа угтан авлаа.
Үүний дараа Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн материаллаг баазыг түшиглэн, энхийг сахиулагчдад баяр хүргэх, гэр бүлийнхэнд нь хүлээлгэж өгөх ажлыг зохион байгуулав.
Бригадын генерал Б.Баатар энхийг сахиулагчдаар бахархаж буйгаа тодотгоод XIII ээлжийн мотобуудлагын батальоны ажил 4 дүгээр цувраа ирж, багийн захирагч илтгэл өгч, та бүхэн харьяа байгууллага, нэгтгэл, ангиуддаа очсоноор дуусна. Тэр хүртэл дэг журамтай, сахилга баттай байж, нэг жилийн хугацаанд хамтдаа үүрэг гүйцэтгэсэн багийн хамт олныхоо хөдөлмөрийг бодож, алхам тутамдаа хянамгай байж, халуун орноос ирж байгаагийн хувьд эрүүл мэнддээ ч анхаарахыг захилаа. Тэр бас нэг жилийн хугацаанд нүд цавчилгүй хүлээсэн хайртай гэр бүлдээ халамж хайраа мэдрүүлж, арын албыг тань дааж үлдсэнд талархах учиртайг онцолсон юм.
Баяр хүргэж, үүрэг өгөгдсөний дараа энхийг сахиулагчдыг халуун орноос ирсэнтэй холбогдуулан Зоонозын өвчин судлалын Үндэсний төвийн мэргэжилтнүүд болох Б.Болорчимэг, Ч.Буянхишиг нар “Хумхаа” өвчний эрсдэл, илрэх шинж тэмдэг, нуугдмал үеийнх нь талаар мэдээлэл хүргэж, түүврийн аргаар зарим энхийг сахиулагчийг шинжилгээнд хамруулахад бүгд эрүүл гэж гарав.
Эх орныхоо үүрэг даалгаврыг нэр төртэй гүйцэтгэсэн энхийг сахиулагчдынхаа сэтгэгдлийг хуваалцахад батальоны ахлагч, тэргүүн ахлагч Г.Хатантөмөр (311) “Сэтгэгдэл өндөр байна. Цувраагаа ахалж ирсний хувьд эх орондоо газардах агшин гайхамшигтай сайхан байлаа. Хүн хариуцаж ажиллана гэдэг амаргүй. Гэсэн хэдий ч нэг жилийн хугацаанд энэ үүргээ нэр төртэй гүйцэтгэсэндээ баяртай байна” хэмээгээд энхийг сахиулах ажиллагаанд 7 удаа үүрэг гүйцэтгэсэн, үүний хоёр нь удирдлагын түвшинд ажилласнаа ярилаа. Тус багийнхан “Ахлагчийн жил”-ийн хүрээнд илтгэл, эрдэм шинжилгээний хурал, уралдаан тэмцээн, цугларалт гээд олон арга хэмжээг зохион байгуулсан. Үүний дотор Гана Улсын цэргийн багийн ахлагчийн зөвлөлтэй хамтарсан сургалт, уулзалтыг зохион байгуулж, ахлагчийн бүрэлдэхүүнээ хэрхэн бэлтгэдэг, ажиллагаанд хэрхэн оролцуулдаг талаараа санал солилцож, туршлага хуваалцжээ.
Ахмад Х.Анхбаяр (186) “А.Нандинхүсэл охиноо л их саналаа. Охин минь гурван настай. Түүнийгээ тэвэрч, үнсэж байгаагаар олон сар, өдөр бодож явсан минь өнөөдөр биеллээ олох нь. Энэ ташрамд багийнхаа удирдлага, хамт олонд баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. Атгасан гар шиг байж, олон сайхан үйлсийг хамтдаа бүтээж, монгол цэргийн бахархлыг үргэлжлүүлсэн та бүгдээр бахархаж байна” гээд хайртай ижий нь хүү, бэр, ач охинтойгоо уулзахаар Хөвсгөл аймгаас зорин ирснийг дуулгалаа.
Ахлах дэслэгч Ц.Хулан (334) ажиллагааны газар оронд дээд удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх чадвараас гадна хүнтэй харилцах, дасан зохицох чадварт суралцсандаа олзуурхаж байв. Анх удаа үүрэг гүйцэтгэхэд нь түүнд хамт олны дэмжлэг, нөмөр нөөлөг эерэг нөлөө үзүүлжээ.
Энэ өдөр Дотоодын цэргийн 810 дугаар ангийн алба хаагч, ахлах дэслэгч Т.Мөнх-Эрдэнэд түүний хань А.Энхсайхан энхийг сахиулагч дайчин нөхдийнх нь өмнө гэнэтийн бэлэг барьж, цэцэг, баярын нулимстай угтсан нь нэгэн сайхан зураглал байв.