Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Технологи ба хүний эрх” нээлттэй хяналт шалгалт зохион байгуулж байгаа билээ.
Энэ хүрээнд Комиссын гишүүн, доктор Б.Энхболд БНСУ-ын Инчеон хотод 2024 оны 10 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан 6 дахь удаагийн “БНСУ-ын Хууль сахиулах болон хамгаалалтын албаны технологийн үзэсгэлэн”-д оролцож, технологи хөгжүүлэлтийн компаниудын уулзалт, хэлэлцүүлэгт дараах чиглэлээр мэдээлэл солилцлоо:
- Хиймэл оюун ухаан ба хүний эрхийн шинэ тутам сорилт, шийдвэрлэх арга зам;
- Хүний хувийн мэдээлэл хамгаалалт, гуравдагч этгээдэд дамжуулах зохицуулалт;
- Хууль сахиулах салбарт хэрэглэж буй технологийн дэвшил, зорилтод бүлэг болон алба хаагчийн аюулгүй байдал;
- Хүнийг хууль бус мөрдөн мөшгөлтөөс хамгаалах, илрүүлэх технологи;
- Цахим хяналтын систем (цахим бугуйвч) хөгжүүлэлт, хүний эрхийн үнэлгээ, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа.
Уг арга хэмжээний хүрээнд БНСУ-ын Цагдаагийн Их сургууль, Хүрээлэн буй орчны загвараар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх холбооноос зохион байгуулсан “Олон улсын хамтын ажиллагаа ба аюулгүй нийгмийг бүтээх нь” Олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Иргэдийн аюулгүй байдлыг хангахад технологийн гүйцэтгэх үүрэг” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Үзэсгэлэнд БНСУ-ын Үндэсний цагдаагийн газар, Үндэсний цагдаагийн их сургууль, технологи хөгжүүлэлтийн 40 гаруй компани, 22 улсын зочид төлөөлөгчид оролцлоо.