Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяраас тодрууллаа.
-Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт УИХ-аар хэлэлцэгдэхээр орж ирж байна. Ураны төслийг маш олон жил гацааж байгаа. Ажлын хэсэг гарчихсан эхний ээлжид Намын бүлгүүдэд танилцуулж байна. Мэргэжлийн хүний хувьд энэ төслийг хэрхэн харж байна вэ?
-Мэргэжлийн хүний хувьд харахад гадагшаа уран экспортлох боломжийг олгох, ураны салбарт хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн том төсөл болно. Хэрвээ бид энэ төслийг дэмжиж гадагшаа уранаа экспортолж чадвал Казакстантай өрсөлдөхүйц хэмжээний нөөцтэй. Казакстан улс уран экспортлох чиглэлд тэргүүлэгч орон. Үүнтэй өрсөлдөхүйц хэмжээнд болж чадна гэж найдаж байна. Дээрээс нь Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орвол жишээ нь, өсөн нэмэгдэх АМНАТ-аар Оюутолгой дээр гарсан алдааг давтахгүйгээр энэхүү төслөөс үр шимээ хүртэх бүрэн боломжтой. Санхүүгээс гадна хамгийн том ач холбогдол нь Франц улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны нэг. Монгол Улс Үндэсний аюулгүй байдалдаа “Монгол Улс Үндэсний аюулгүй байдлаа дипломат яриа хэлэлцээрийн шугамаар хамгаална” гэж заасан. Тэгэхээр Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн оронтой хамтраад хөрөнгө оруулалтыг шийднэ гэдэг нь стратегийн хувьд маш том ач холбогдолтой. Тусгаар тогтнолд ч ач холбогдолтой юм.
-Нөгөө талаар ураныг эсэргүүцдэг бүлэг байдаг. Үүнийг мэргэжлийн судлаач хүний хувьд юу гэж хардаг вэ?
-Сайн юманд садаа мундахгүй. Хүмүүсийг төөрөгдүүлэх зүйл их хийж байна. Тиймээс манай хууль хүчний байгууллагууд үүнд санаатай, санаандгүй үндэсний аюулгүй байдалтай холбоотой томоохон төслүүдийг эсэргүүцэж байгаа хүмүүс рүү анхаарал хандуулах шаардлагатай гэж бодож байна. Физикч хүний хувьд хэлэхэд энэ төсөл физик талаасаа асуудалгүй. Уран нэг талаас цацрагийн хувьд мэдээж хоруу чанартай, эрсдэлтэй. Химийн хувьд хоруу чанартай. Уран хэрвээ тэр газар байгаа бол химийн ч, цацрагийн ч хоруу чанар бий. Түүн дээр ус хийсэн ч, сүү хийсэн ч адилхан техникийн орчин болох учраас түүнийг улстөржүүлээд байх ямар ч шаардлагагүй. Физик болон байгалийн ухаан талаасаа ямар ч асуудалгүй. Гэхдээ цөмийн цацрагийн хяналт гэж зүйл бий. Үүнийг Олон улсын атомын энергийн агентлагийн Атомын энергийн дүрэм журам, Монголын Цөмийн энергийн тухай хууль, Цацрагийн аюулгүйн байдлын нормыг баримтлаад явахад ямар ч асуудалгүй.
-Хуульд яг ямар өөрчлөлт орж байгаа вэ?
-Гол өөрчлөлт нь өсөн нэмэгдэх АМНАТ орж байгаа. Тэр нь Оюутолгой дээр алдсан алдааг бид давтахгүй. Менежментийн төлбөрийг төлөхгүй. Ингэснээр Монгол Улс мөнгө гаргахгүйгээр хөрөнгө оруулагчийн мөнгөөр өөрсдөө уран олборлодог, экспортолдог болно. Энэ бол маш сайн өөрчлөлт гэж харж байгаа.