Уншигч та бүхэнтэй Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын иргэн Лэм Акуэвтэй уулзуулж байна. Тэрээр НҮБ-ын UNMISS ажиллагааны Юнити секторын тээврийн хяналтын албаны туслах ажилтан бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн мотобуудлагын батальоныг ажиллагааны газар орон хүргэх ажлыг хариуцаж байгаа ажээ.
Манай сайхан оронд анх удаа ирсэн гэлээ. Анхны сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
Өргөн уудам нутаг, хөх тэнгэр, үзэсгэлэнтэй байгальтай гайхамшигтай улс байна. Хэдийгээр цэргийн багууд солилцох энэ үед цөөн хоногоор Монгол Улсад саатаж байгаа ч надад гүнзгий сэтгэгдэл үлдээлээ. Дараа боломж тохиовол үзэсгэлэнт байгалиар нь аялж, хээр хонож үзэх сэн гэж бодож байна. Монгол Улсад саатаж байгаа цөөхөн хоногт маань ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны офицерууд тусалж байгаад талархлаа илэрхийлье. Тэд надад Улаанбаатар хотын түүх дурсгалт газруудыг үзүүлж, үндэсний зоогоороо дайлсан. Үндэсний хоол дотор цуйван их таалагдсан шүү. Цаг агаарын хувьд таатай үе таарлаа. Манай найзууд “Монгол Улсад одоо хүйтэн болж байгаа юм байна. Дулаахан хувцаслаарай” гэж захиж байсан ч санасныг бодоход дулаахан байна.
Өмнө нь та монгол цэргүүдтэй хамтран ажиллаж байв уу?
Хамтран ажиллаж байгаагүй. Анх удаа хувь тохиолоор Монгол Улсад ирж, НҮБ-ын ажилтны хувиар БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн мотобуудлагын батальоныг ажиллагааны газар оронд хүргэхэд нь дэмжлэг үзүүлж байна. Хэдий цуг ажиллаж байгаагүй ч үлгэр домог шиг олон сайхан дурсамж яриаг нь бол сонссон. Ялангуяа БНӨСУ-ын иргэдийнхээ амнаас. Тэд “Монгол цэрэг энд байгаагүй бол бид бүтэн нойртой хонож чадахгүй”, “Бидэнд бурхнаас илгээсэн баатрууд” гэж үргэлж хэлдэг. Миний ах дүүс ч гэсэн ингэж л хэлдэг.
Хэрэв монгол цэрэг байгаагүй бол хэдэн мянган Судан иргэний амь нас сүйдэж, аюулгүй байдал алдагдах байсан бол. Тэгж бодохоор талархах ч багадмаар. Энэ завшааныг ашиглаад эрэлхэг зоригтой хөвгүүд, охидоо илгээж, энхийг сахиулах үүрэг гүйцэтгүүлж буй Монгол Улсын Зэвсэгт хүчинд Судан ахан дүүсийнхээ нэрийн өмнөөс талархал дэвшүүлье. Өргөн уудам нутаг шигээ уужим сэтгэлтэй, өгөөмөр тусч ард түмэн юм байна гэдгийг Монгол Улсад саатсан хэдхэн өдөртөө мэдэрлээ. Ийм ард түмний цэргүүд нь ч баатарлаг байхаас аргагүй юм байна.
Ахмад Д.БОЛОР
2024-11-06
яг сармагчин