Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Цолмон, Засаг даргын орлогч Ш.Ёл болон холбогдох албан тушаалтнууд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Ерөнхий Консул Кэ Юушэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, ажил хэргийн уулзалт хийлээ.
Энэ үеэр манай аймгийн зүгээс цаашид БНХАУ-аас Замын-Үүдэд суух Ерөнхий консулын газартай дараах чиглэлүүдэд түлхүү хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Үүнд:
1.Хавирга-Архашаат, Сүмбэр -Рашаан, Баянхошуу-Өвдөг боомтуудаар иргэдийг наймаас доош тооны суудалтай жижиг оврын автомашинаар нэвтрүүлэх боломжийг бий болгоход дэмжин хамтран ажиллах;
2.Хавирга-Архашаат, Баянхошуу-Өвдөг боомтуудаар амралтын өдрүүдэд зорчигч хилээр нэвтрэх боломжийг бүрдүүлэх тухай хүсэлтийг холбогдох шатны байгууллага, удирдлагад уламжлах,
3.Боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж БНХАУ-ын шилдэг их дээд сургуулиас туршлага судлах, мэргэжил дээшлүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах.
4.Оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх.
5.Эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг БНХАУ-д туршлага судлах урт, богино хугацааны сургалтад хамруулахад хамтран ажиллах;
6.Дорнод аймгийн харьяалах боомтуудаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон байгалийн хадлан тэжээл экспортлох боломжийг дэмжиж хамтран ажиллах;
7.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, туршлага судлах чиглэлээр дэмжиж ажиллах;
8.Монгол-Хятадын хил дамнасан бүс нутгуудын аялал жуулчлалын форум, худалдаа эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуйн үзэсгэлэн яармагийг хамтран зохион байгуулах.
9.Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэхэд туршлага судалж хамтран ажиллах зэрэг саналыг дэвшүүллээ.