МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссын дарга, гавьяат тамирчин, “Рио 2016” Олимпын хүрэл медальт Д.Отгондалай тэргүүтэй МҮОХ-ны төлөөлөгчид өнгөрсөн 05-08-ны өдрүүдэд спорт, олимпизмыг сурталчлах, баруун бүсийн аймгуудын Олимпын зөвлөл, танхимуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Увс аймгийн Улаангом хотноо ажиллалаа.
Үйл ажиллагааны хүрээнд МҮОХ, Увс аймгийн “Мюнхен” Олимпын зөвлөл, Биеийн тамир, спортын газраас хамтран Баруун бүсийн аймгуудын Олимпын зөвлөлийн удирдах ажилтан, биеийн тамирын багш нарын сургалт-семинарыг зохион байгуулж, 40 гаруй оролцогчид хамрагдав.
МҮОХ-ны төлөөлөгчид Улаангом хотын ерөнхий боловсролын сургуулиудад зочилж, Олимпын танхимын үйл ажиллагаатай танилцсан ба арга зүйн зөвлөмжийг хүргэв.
Түүнчлэн Олимпын медальт Д.Отгондалай хүүхэд багачуудтай “Олимпын медальтан бидний бахархал” сэдэвт чөлөөт уулзалт ярилцлага хийж өөрийн спортын замналаасаа хуваалцан халуун дотно яриа өрнүүллээ.