Цаг үеийн мэдээ

Булган аймгийн Засаг даргад АН-ын бүлгээс хуучин Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, МАН-аас Д.Пүрэв-Очир нар нэр дэвшсэн. Ийн санал хураалтаар МАН-ын бүлгээс нэр дэвшсэн Д.Пүрэв-Очир илүү саналтайгаар ялалт байгуулсан байдаг.

Д.Пүрэв-Очирын хувьд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг 2017 онд Зам, тээврийн хөгжлийн сайд болоход ИНЕГ-т хэлтсийн даргаар очсон гэх. Ийн 2023 он хүртэл ИНЕГ-т ажилласан. Тэгвэл Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн Булган аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан ид хуралдаж байх өдөр буюу 2024 оны 11 сарын 1-ний өдөр холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн албан бичиг гаргасан гэнэ. Тодруулбал, Төрийн албаны тухай хуульд зааснаар Засаг дарга нь гурваас доошгүй жил төрийн албанд ажилласан туршлагатай байх шаардлага тавигддаг. Д.Пүрэв-Очир уг шаардлагыг хангаагүй. Гэсэн ч Төрийн албаны зөвлөлийн дарга 11 сарын 1-ний өдөр түүний ИНЕГ-т ажиллаж байсан байдлыг Төрийн албанд ажилласан тооцсон албан бичгийг гаргасан. Эндээс УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Булган аймагт “томилгоо” хийсэн үү гэх асуулт урган гарч ирж байна. 

Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Д.Пүрэв-Очир ИНЕГ-т Ж.Бат-Эрдэнийг сайд байхад татаасаар очсон, түүний хүн. Булганд төрсөн нь үнэн болохоос Булганыхан танихгүй шахуу” гэсэн юм.

Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Булган аймгийн Ардчилсан намаас АТГ-т хандсан байна. 

Булган аймгийн Ардчилсан намын зүгээс: -Булган аймгийн Засаг даргад МАН-аас нэр дэвшигч Д.Пүрэв-Очирын ажилласан жилийн туршлагыг Монгол улсын төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, Эрүүгийн хуулийн 22.1 дэх заасны дагуу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгож иргэний нисэхийн ерөнхий газарт бодлого төлөвлөлт хариуцсан менежер, санхүү эдийн засаг эрхэлсэн төлөвлөлтийн хэлтсийн даргаар 2017-2023 онд ажилласан байдлыг нь Төрийн албанд ажилласанд тооцно гэсэн албан бичгийг Булган аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан ид хуралдаж байх өдөр буюу 2024 оны 11 сарын 01-ны өдөр гаргаж өгсөн нь хардлага төрүүлж АТГ-д хандах үндэслэл болж байна.

Д.Пүрэв-Очирын тус эрхэлж байсан албан тушаал нь Засгийн газрын 2023 оны “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг батлах тухай” 487 -р тогтоолын хавсралтад зааснаар Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаал нь зөвхөн төрийн захиргааны албан тушаалд хамаарна. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 сарын 11-ны өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан” Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам батлах тухай” журмын 4.1 т үндэслэн Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны тогтоолын 16 дугаар хавсралтаар зөвхөн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаалын тодорхойлолтод батлах зөвшөөрлийг олгож байжээ.

ИНЕГ-ын даргын албан тушаалаас бусад албан тушаалыг нь Засгийн газрын 2022 оны 487 дугаар тогтоолоор баталсан төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлд хамаарахгүй гэж заасан байгаа учраас Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн Булган аймгийн Засаг даргад нэр дэвшигч Д.Пүрэв-Очирт илт давуу байдал олгосон эсэхийг шалгуулахаар хандаж байна гэжээ.

Таны сурталчилгаа