Өнгөрсөн долоо хоногт өргөн мэдүүлсэн “УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2024.11.12/-ийн хуралдаанаар хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд “Улсын Их Хурал өөрийн стратеги төлөвлөгөөг баталж хэрэгжүүлнэ” хэмээн заасны дагуу УИХ-ын даргын 2024 оны 71 дүгээр захирамжаар уг тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаар ахлуулан байгуулсан юм.
Ажлын хэсэг Олон улсын парламентын холбоо, бусад орны сайн туршлага, УИХ-ын 2019-2024 стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн үнэлгээ, УИХ-ын үйл ажиллагааны талаарх олон нийтийн санаа бодлын судалгааны дүн, эрдэмтэн судлаачидтай хийсэн хоёр удаагийн хэлэлцүүлэгт оролцогчдын саналыг судлан үзэж УИХ-ын ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөг боловсруулжээ.
Энэ удаагийн стратеги төлөвлөгөөний гол онцлог нь УИХ-ын бүх үйл ажиллагаа “хүн төвтэй парламент” гэсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэж байна. Уг стратеги төлөвлөгөөнд 5 зорилго, 17 зорилтыг дэвшүүлсэн бөгөөд стратеги төлөвлөгөөг боловсруулахад УИХ дахь таван нам, эвслийн төлөөлөл оролцсон ажээ.
Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт УИХ-ын өмнөх стратеги төлөвлөгөөнөөс ялгагдах онцлог, давуу тал, УИХ-ын гишүүн С.Зулпхар стратеги төлөвлөгөөний шалгуур үзүүлэлт, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир хүний эрх, О.Номинчимэг хяналтын механизм, гишүүдийн хариуцлагын асуудлыг хэрхэн тусгасан талаар ажлын хэсгээс тодрууллаа.