Цаг үеийн мэдээ

Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын хамт олон 92 дахь жилийн Өвөл цагийн нээлтээ таван гавьяат цолтныхоо хамтарсан тоглолтоор эхлүүллээ.

Цэргийн чуулгаас төрсөн алдар гавьяатнууд болох хөгжмийн зохиолч, удирдаач, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Нямдорж, хөгжмийн зохиолч, удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Гансүх, Р.Ганбат, Үндэсний хөгжмийн багш, удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Батнасан, бүжиг дэглээч, Монгол улсын гавьяат жүжигчин Л.Ганчимэг нарын хамтарсан энэхүү тоглолтод ЦДБЭЧ-ын бүрэн бүрэлдэхүүн болон ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмөөс гадна ШШГЕГ-ын дэргэдэх “Соёмбо” чуулгын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Н.Энхжаргал, Улсын филармонийн гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Б.Дэлгэрбаяр нар оролцсон юм.

Үзэгч олон “Цогтын цэргүүд”-тэй цогин дэргэж, “Намар”, “Бадрангуй”, “Гэгээн дурсамж”-аар сонороо мялааж, “Насны ганцхан хань”-иа уяран мэлмэрүүлж,  “Өсөх залуу нас”-ны ид хавыг бахдаж, “Дайчин нөхдөө дурсаж” нэгэн оройг талархал хүндэтгэл, баяр бахдал, сэтгэлд хоногших дурсамж дүүрэн өнгөрүүллээ.

ЦДБЭЧ-ын дарга, Соёлын төв өргөөний менежер, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хурандаа Г.Золзаяа “Төгөлдөр өнгө” тоглолтыг нээж хэлсэн үгэндээ тус чуулгад үр бүтээлтэй ажиллаж, онгод туурвил, уран бүтээлээ зориулсан гавьяатууддаа баяр хүргээд, энэхүү уран бүтээлийн цэнгүүнийг залуу уран бүтээлчдэд мэргэжлийн сургалт болж байна” хэмээн онцолсон юм.

Таны сурталчилгаа